Ханиасаа асуух асуулт - Намайг чи хайрласаар байх уу?

Насыг минь илтгэх үрчлээ нүүрэнд минь тодорч ирэхэд
Намайг чи одооных шигээ хайрлаж чадах уу
Намба сууж ач зээгээ тойруулсан эмээ болоход
Наалинхайтан тэвэрч духан дээр минь үнсэх үү

Он цагийн эрхээр бие минь жижгэрч бөгтийхөд
Одооных шигээ чи гараас минь хөтлөөд алхах уу
Олон хүүхэд төрүүлж гоолиг бие эвдрэхэд
Огтоос тэрийг тоохгүйгээр нандигнан хайрлаж чадах уу

Сэргэлэн бор нүдний харц алсран сүүмийх үед
Сэвгүй хайраар чи надруу ширтсээр байх уу
Хуримын бөгж зүүлгэсэн сүмбэн хуруу мойнийход
Хувирашгүй сэтгэлээр чи намайг хайрласаар байх уу

Гэзэгний минь өнгө цасны өнгөтэй ижилсэж
Гэнэн хонгор ааль намрын шувуудтэй буцахад
Нар шиг гэрэлтсэн өдрүүдэд минь надтай хамт байсан шигээ
Насны эцэс хүртэл дэргэд минь чи байх уу

Comments

Popular Posts