Би бороонд дуртай

Зүсрэн шивэрсээр... Өдөржин орлоо. Би яагаад ч юм бороонд дуртай. Гэхдээ бороо орохоор гуниглачихдаг. Тэгэхээр гуниглах дуртай гэсэн үг юм боловуу. Үгүй ээ гуниглах биш цаанаа л нэг бодолд дарагдчихдаг. Өөртэйгээ ярилцмаар элдэв зүйлсийг бодмоор санагддаг. Маш их зүйлс толгойд бодогдож, бүхэл бүтэн ном биччихмээр бодлууд миний толгойд эргэлддэг. Тэгэхээр зүгээр л бодох, эргэцүүлэх дуртай байх нь. Гэхдээ заримдаа юу ч бодолгүй хөнжлөө нөмрөөд хэвтээд л унтаад л баймаар байдаг. Банштай цайгаа хийж уучихаад унтаад унтаад л баймаар. Юу ч бодохгүй байх бас л дуртай юм байна. Гэтэл бүр эсрэгээрээ заримдаа бороонд шалба нороод алхаад л гүйгээд л баймаар байдаг, бүр дүрсгүйтээд... Замын хонхорт тогтсон усыг туулж, хажуугаар өнгөрсөн хүмүүсрүү ус цацлан, инээгээд л инээгээд л баймаар. Гэхдээ мэдээж ганцаараа тэгж явахгүй л дээ. Найзуудтайгаа, эсвэл хайртай хүнтэйгээ. Хайртай хүнтэйгээ хамт явбал шалба норсон биеэрээ тэврэлдэж нойтон нүүрээ нийлүүлж үнсэлцээд л, хөтлөлцөж гүйлдээд л. Харин ганцаараа бол.. Ганцаараа бороонд норох бас л сайхан, гунигтай бодлууд ар араасаа хөвөрч, бороо нулимс хоёр холилдон асгарч, бүх зүйл угаагдах шиг. Тэнгэр онгойтол бороо асгарч, сэтгэл онгойтол нулимс асгараад л. Дахиад л гуниглах дуртай болчихлоо. Гэхдээ л би бороонд дуртай. Асгаран орох аадар бороо, шиврээ бороо, зүсэр бороо, нартай бороо... Бүгд л өөр өөрийнхөөрөө надад хүчтэй мэдрэмж төрүүлж чаддаг. Би бороонд хайртай.

Comments

Popular Posts