Заавал уншаарай, гоё шүлэг байна.


...Амьсгал авахад хөндүүр даасан өдрүүд
Амьдрал дээр зөндөө л байдаг
Аньсганд багтахаа больсон нулимс
Ангирын далавчинд дайгдаад холоо дэвчихсэн өдрүүд байдаг
Зургаан тэр бум хүмүүс дунд ганцаардаж
Цурхиртлаа уйлмаар,цөхөртлөө хашгармаар
Чимээгүй холын хол явчихмаар
Чийрхэж даарсан хүйтэн өдрүүдээр
Чиний төлөө үхэж чадах
Чулуун багана шиг хоёрхон хүн байдгийг санаарай
Чамд амьдрал хайрлаж,чамаас хором ч холдоогүй
Чиний төлөө үхэж чадах цаад 2 буурлаа сана.
Живхийг чинь үнэрлээд тайтгардаг аавтай хүн байж
Жихүүн салхинд ганхаад уйлж суугаад яах юм
Жижиг баривчийг чинь үнсээд сүү өргөдөг ээжтэй хүн байж
Жиндээх жаврын үзүүрт нулимсаа хийсгээд яах юм
Ертөнцөд чамаас амиа ч харамлахгүй хоёрхон хүн байдаг
Ерөөл хэлж сүү өргөөд хайраа асгаж л суугаа
Юүлүүр шиг амьдралын зовлонгийн цоорхойг таглаж
Ердөө л чиний төлөө амьдардаг 2 бурхнаа сана
Хайрт чинь хуурлаа гээд уйлаад суугаа та
Хамгийн түрүүнд ээжийгээ санаарай
Хайраа бүгдийг нь чамруу асгачихаад
Хоногийн шөнөд бүүвэйн дуу зүрхэндээ аялах
Хорвоогийн хоёрдох нар ижийдээ л гүйгээд оч
Ажлаасаа гарлаа, алт мөнгө дутлаа гэж шаналж сууна уу
Аавдаа л гүйж очоод үнэрлүүл
Амирлангүй тэнгэр элчит наран аавдаа
Аньсган дахь нулимсаа шингэтэл нэг үнэрлүүл
Алтан наран зүрхийг тань дулаацуулна,
Эмнэлгийн орон дээр гуниглан хэвтээ та
Ижийгээ тарни шиг дуудаж тайтгараарай
Ивээлт хорвоод таны л төлөө үхэж чадах
Эвий 2 бурханаа санаж эрүүл болж өндийгөөрэй
Хөлийн чинь улыг хайраараа зөөллөж
Хүслийн чинь жолоонд сүүн сэтгэлээ уяж
Хүүгээ гэж чиний төлөө амьдрах
Хүйтэн хорвоогийн дулаахан наран ижий ааваа санаарай
Жаврыг чинь хайраар таглаж
Зовлонг чинь сэтгэлээрээ халхалж
Алдааг чинь нулимсаараа угааж
Амьдралд чиний боол шиг бөхийх
Амин 2 бурханаа санаж
Алд алд санаа алдалтаа нулимстайгаа хамт хөвөрдөөд хая
Айдсаар дүүрсэн зүрхийг тань аавын залбирал зоригжуулнаа
Ангир цээжний гунигийг тань ээжийн өргөсөн сүү бүлээцүүлнээ
Амьдралд нар ч бий шуурга ч бий
Амьд 2 бурхантайгаа хамт байхад алзахгүй даваад л гарна
Хэн ч чамайг ойлгохгүй байгаа мэт санагдаж
Хэн нэгэнд үхтлээ гомдож уйлж
Хаа нэгтэй харууслын далайд итгэлээ алдаж
Халуун бие чинь бүлээрэн өвдөөд суугаа бол
Хамгийн түрүүнд та ижий аавдаа очоорой
Хацраа өгч үнсүүлээд цурхиртлаа уйлахгүй юу
Хар усанд хөлчүүрч бааранд согтохоос урьдаад
Хайраа чамруу бүгдийг нь асгадаг 2 бууралдаа очоод нэг үнэрлүүлээрэй
Жихүүн амьдралд даарч хүн л болсон хойно уйлалгүй яах бэ
Зүгээр л төрсөн гэртээ очоод ээжийнхээ цайг уугаад ярилц
Зүүдэлтэй суудалтай хүний энэхэн орчлонд
Зүүдэндээ хүртэл чамаас салдаггүй ижий аавдаа оч
Чамд хэцүү үе жаргалаас чинь цөөхөн ирэх ч тэр л үед
Чиний төлөө үхэж чадах ХОЁР хүн байгааг санаарай...

Comments

Post a Comment

Popular Posts