Чалчаа
Миний блогруу хааяа ч болов цаг заваа гарган зочилдог цөөхөн хэдэн уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! Гадаа тэнгэр бүрхэг, салхитай, намрын жихүүн өдөр шиг байх авч сэтгэл дотор яагаад ч юм саруулхан сайхан байна. Цонхны тавцан дээр байгаа өөрийнхөө тарьж ургуулж байгаа хэдэн цэцэгнүүдээ ургаж, цэцэглэж байгааг харахаар нэг л гоё хүүхдүүдээ том болохыг харж байгаа ээж ч юм шиг санагдах юм. Цэцэг хараад ийм сэтгэгдэл төрдөг юм чинь биенээсээ бие таслан хүүхэд төрүүлсэн эх хүний жаргал хичнээн их байдаг бол гэж бодон тэднийг биширч бас нууцхан атаархах юм. Хүүхэд гэснээс би урьд шөнө өөрийгөө жирэмсэн болсон байна гэж зүүдэлсэн. Таргалаад том гэдэстэй болчихлоо гэж бодоод байсан чинь хүүхэдтэй болчихсоноо мэдэхгүй яваад байсан байна гэж зүүдэлсэн. Цаг нь болоогүй, төлөвлөөгүй байхад хүүхэдтэй болсноо мэдээд жаахан эмээсэн ч нэг л гоё санагдаад байсан. Ингээд би ээж болох юм байхдаа гэж бодоод... Өглөө сэрэнгүүтээ ярина гэж бодсон боловч мартчихаад өдөр ярина гэж бодсон хүндээ ярьж өгсөн чинь намайг удахгүй хүүхэдтэй болох нь дээ гэсэн. Зүүдийг хамгийн эхэнд ярьж өгсөн хүн хэрхэн тайлахаас хамаардаг гэсэн. Хэрвээ тэгвэл...
Ойрдоо нүүдэл суудал хийгээд зав муутайхан л байлаа. Гэхдээ шинэ байранд орсон нь нэг л гоё байгаа. Ер нь нэг дороо нэг хэвийн байдалтай байх тийм ч онц биш юм шиг ээ. Шинэ байранд орсных удахгүй найзуудаа гэртээ урьж амттай гарын хоол хийж өгч дайлна даа. Харин ажил нэг л урагшилж өгдөггүй дээ. Би гэж нэг залхуу хүн ажлаа хичээж хийхгүй хойш нь тавьж явсаар байтал цаг хугацаа өнгөрөөд л гараас гарч байгаа юм ч гэж алга байна. Удахгүй ээлжийн амралтаа авна. Тэрнээс өмнө ганц ч гэсэн ажил амжуулах юмсан. Харин амарч ирээд маш их эрч хүчтэйгээр ажлаа сайн хийнэ ээ. Амралт гэснээс зун болоод гадаа дулаараад байхад би гэдэг хүн хөдөө гадаа явахгүй, ажил гэр хоёроос холдохгүй болохоор зуныг мэдрээгүй байж байгаад намар болгох гээд байдаг. Амраад сайхан хөдөө явах юмсан. Морь унаад л, айраг уугаад л, ааруул идээд л, дээшээ харж хэвтээд зуны шөнийн тэнгэр харах ямар гоё гээч.. Бас өсөж төрсөн гэртээ очиж, ээжийн гарын хоолыг идэж, аавтайгаа хууч хөөрөн сууна гэдэг хэмжээлшгүй их аз жаргал... Удахгүй очно доо, та нартаа.. Одоо харин гэртээ харьж гэрээ цэвэрлэж, хөршүүдтэйгээ чалчиж, нойроо аваад маргааш өглөө ажилдаа хоцрохгүй ирэхийн тулд явах хэрэгтэй байна. Сайхан амраарай...
Comments
Post a Comment