Мартын найман ⚘
Өнөөдөр их сонин өдөр байна аа. Бие ч тавгүй байгаа юм шиг, сэтгэл ч тавгүй байгаа юм шиг, эсвэл бүх юм зүгээр ч юм шиг. Өнөөдөр "Мартын найман". Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, манайхаар бол эмэгтэйчүүдийн баярын өдөр. Би өнөөдөр цэцэг аваагүй. Гэхдээ тэрэнд сэтгэл дундуур байгаа юм уу гэвэл үгүй л дээ. Харин нөхөр эзгүй болохоор хоосон оргиод байх шиг байна. Өнөө өглөө үүрээр явахдаа хайр нь ирэхдээ бэлэг авчирнаа за гээд үнсээд явсан. Тэгээд л тэрэнд нь миний сэтгэл дүүрчихсэн.
Магадгүй цаг агаар бас нөлөөлөөд байгаа байх. Манай энд зогсоо зайгүй 2-3 долоо хоног бороо орж байна. Зарим газраараа үер болоод л, байшингийн дээвэр хүртэл ус татчихсан. Байгалийн гамшиг гэдэг нь болж, олон хүн орон гэргүй болж байх шиг байна. Бид яахав, хотын төвд шахам болохоор санаа зовох юмгүй, орон сууцандаа эморсон шигээ тайван л сууж байна. Энд ирээд 4 жил болоход нэг жилийн айхтар гал түймэр, нэг жилийн үер, 2 жил гаран цар тахал гээд их л юм үзэвдээ. Үзлээ гээд яг дунд нь ороод байсан юмгүй л дээ гэхдээ.
Бороо орохоор энд барилгын ажлууд зогсчихдог юм. Энэ үерээр бол бүр л таг. Тэр нь төлбөрөөс төлбөрийн хооронд амьдарч байгаа манайх шиг гэр бүлд жаахан асуудал дагуулна. Тэгээд сургалтын төлбөрөө төлж дийлэлгүй зээл тавьчихсан юм. Ер нь яг зөвхөн үерээс болсон юм биш л дээ. Дайран дээр давс гэгч нь л болсон гэсэн үг. Оны үеэр амарна, мөнгө үрнэ, үргэлжлүүлээд Корона тусаад бүтэн сар ажилгүй амьдарсан гээд хуримтлагдсаар, удалгүй үертэй золгочихлоо. Тэгээд манай нөхөр өнөөдөр өглөө өөр хотруу ажил хийхээр явсан юм. Миний сургалтын төлбөрийн өрийг дарах гээд гэсэн үг шүү дээ. Намайг хичээлээ дийлэхгүй байна гээд үглээд байдаг болохоор, ажил хийнэ гэхээр хэрэггүй ээ, хичээлдээ л анхаар гээд би сургуульд орсноос хойш ажил хийхээ больсон. Ингээд бодохоор алсуураа би жоохон даварчихсан эхнэр ч юм шиг. Манай нөхөр тийм ч романтик, бэлгийн өндөр мэдрэмжтэй хүн биш л дээ. Гэхдээ бэлэг нэхдэг эхнэртэй болохоор ямартай ч цэцэг, шоколад, эсвэл ямар нэг бэлэгтэй л ирдэг юм. Харин элдэв юм хэрэггүй ээ, хэрэгтэй юмаа дараа нь авахуулья гээд хэлчихсэн чинь саяны төрсөн өдрөөр маань нээрэн хоосон ороод ирсэн. Дараа нь нөхөж бэлгээ авахуулсан ч, тэр өдрөө цэцэг ч болох нь ээ авах байсан гээд үг хаяадахсаан би. Харин энэ удаад бол үнэхээр горьдоогүй ээ, нээрэн шүү. Харин бүр зүгээр үлдээлгүй, ирэхдээ бэлэгтэй ирнэ гэдэг үгэнд нь л цадчихсан. Нөхцөл байдал тэгж л таарсан юм.
Би Монголоос ирэхдээ жирэмснээс хамгаалах суулгац тавиулсан юм. Одоо яг 4 жил болж байна. Сүүлийн үед биений юм ирэхдээ тогтворгүй болоод, нүүрэн дээр юм гараад, бас жоохон таргалаад байгаагаа суулгацруу чихээд авахуулахаар боллоо. Гол нь өмнө нь шалгуулахад байрандаа байна гэсэн боловч утас нь алга гэсэн. Тэр нь байвал ганц татаад л авчихдаг гэнэ. Тэгээд өчигдөр нөхрийгөө явахаас өмнө авахуулахаар хамтдаа эмнэлэг очив. Тэгсэн чинь татаж татаж, зулгааж зулгааж нэг жижигхэн гозгор юм л гаргаж ирсэн. Эмч гайхаад л, би гайхаад л. Наадах чинь юу вэ, мэдэхгүй харин юу вэ гэх мэт. Тэгээд гүйцэд авч чадаагүй тул надад мэргэжлийн эмчид очиж авахуулах бичиг хийж өгсөн. Юу нь ч гарч ирээд юу нь ч үлдчихсэн юм бүү мэд. Тэр бас миний сэтгэлийг тавгүй болгочихсон. Татах үед нь аймар өвдөөд, тэр өвдөлт нь намдахгүй өчигдөр оройжин өвдсөн. Хажуугаар нь толгой өвдөж, дотор эвгүйрхээд л. Нөхөр халуун уух юм хийж өгөөд, толгой нуруу бариад л. Өөр яах ч билээ. Эм уугаад, оройдоо арай дээрдээд, өглөө эрт нисэх учраас гурав хагас гэж босох байж бид хоёр ачааг нь бэлдчихээд ярилцаж хэвтсээр бараг 2 гэж унтсан байх. Өглөө дагаж босоод цай хийж өгөөд, тагтан дээрээс явахыг нь харж зогсоод хойноос нь сүү өргөв. Шүтлэггүй юм шиг хирнээ бас нэг сүсэг байх шиг байгаа юм аа надад. Хөгшин хүн шиг байна уу би хэхэ.
Өдөр унтана, эсвэл хичээлээ хийнэ гэсэн боловч аль алиныг нь амжуулсан юмгүй гиюүрч байтал хүүхдүүдээ авах цаг болчихов. Эргэж ирээд мөн удалгүй хичээлүүд ороод, зарим хэсэг дээр нь аягүй цоглог, зарим хэсэг дээр нь нойрмоглож дохисоор хичээл дуусав. Би ер нь хичээл орохоор л нойрмоглоод эхэлдэг ядаргаатай хүн байгаа юм. Дуусаад бас ийшээ утсаар ярьж, тийшээ ч чат бичиж утастайгаа ноцолдоод, сүүлдээ энийг бичээд сууж байна. Өчигдрийн өвдөлт гайгүй болсон боловч, тэрүүхэндээ сав жаахан базлаж өвдөөд, доошоо бага зэрэг юм гараад, өдөржин өлсөөд байгаа юм шиг хирнээ, юм идэхээр ходоод ч өвдөөд байх шиг, дотор муухай ч оргиод байх шиг, нэг л тийм тэр гээд хэлчих юмгүй тав муутай байлаа. Өнөөдрийн хичээл хийдэг маань өнгөрсөн шиг байна өө. Маргааш яг эрч хүчтэй эхлэе гээд сууж байна даа.
За миний "Март" нэг иймэрхүү. Хоёр хүүгийнхээ голоор ороод өнөөдөр сайхан унтаад амарчихъя байз. Маргаашийг цоглог эхэлнээ. Аль хэдийн шөнийн нэг хагас болчихжээ...
Comments
Post a Comment