Долоон долоо хоног буюу хагас семестрийн дараа
Шөнийн 3 цаг болох гэж байхад сайхан усанд орчихоод тагтан дээр шалдан гарч хэсэг зогсож байгаад орж ирлээ. Жоохон мэдрэл муутай хүн шиг юм яриад байна уу би. Гэхдээ сүүлийн долоо хоногийг бол мэдрэл муутай хүн шиг л өнгөрүүллээ. За долоо гэж дээ бараг сар хагасыг. Өнөөдөр, бишээ өчигдөр, шөнийн 00 цаг болохоос өмнө нэг бие даалт явуулчихаад гэнэт сонин юу ч хиймээргүй, бас унтмаар ч үгүй болоод 2 хундага дарс уунгаа ганц 2 найзыгаа уруу татаж чатлаж байгаад, усанд орчихоод одоо ингээд сууж байна даа. Үнэндээ бол алаад өгье гэж ороод, алуулж байна энэ сургуульд. Онц сурна гэж бодож байсан бол одоо зүгээр тэнцчих л юмсан гэж боддог болсон байна, 2 сар болоогүй байхад. Энд тэмдэглэл бичье гэж бодсон ч тэр цагаа жоохон ч гэсэн хичээлээ явуулахад зарцуулах нь чухал байлаа.
Эхэндээ хичээлүүдээ яаж ийж гүйцээж нөхөж бичээд л аль болох аль альныг нь амжуулах гээд хичээж байсан бол сүүлдээ бага багаар овоорсоор, энэ 7 хоногт явцын шалгалтууд аваад амьдрал үзүүллээшдээ надад. Хамгийн таалагдаж байгаа гэсэн хичээлийн шалгалт дээр бүр хамгаас илүү сугарлаа. Таван ширхэг олон сонголттой тест, нэг кодны алдаануудыг олж засч бичих, 2 бодлого бодож код бичих даалгавартай 1 цагийн шалгалт. Юу вээ, зүгээр яаж бодох аргаа бүрэн олоогүй байхад шахуу цаг нь дуусчихдаг наасан. Их бодлого бодож гарт нь орсон хүнд л юу юм гэхээс надад бол тэр цаг үнэндээ нүд ирмэхийн зуур л өнгөрсөн. Дараа нь дараалласан 2 өдрийн шалгалт, дээрээс нь бие даалт хураалгах цаг. Хэдэн өдрийн турш л өдөр шөнөө мэдэхгүй суулаа. Сонирхолтой нь гэх юм уу, угаасаа онлайн болоод тэр юм уу энд шалгалтаа "опэн бүүк" буюу ном, дэвтэр, Интернэт бүх юм ашиглахыг зөвшөөрч авдаг. Тэгээд мэдээж тэрэндээ таарсан, цаг нь бага мөртлөө хийх бичих юм нь их шалгалт. Нөгөө дэвтрээ эргүүлж, хайлт хийж байтал бичиж амжихгүй цаг нь дуусчихна биз дээ. Мэдээж зүгээр л шууд онолыг нь асуучихгүй, анализ хийх кэйс, өөрийн бодлоо жишээгээр тайлбарлаж бичих гэх мэт асуултууд.
Нэгнийх нь шалгалтыг дуусгаад л шууд нөгөө хичээлээ нээдэг наасан. Ингэж хичээл хийгээд мундаг юмаа гэж бодогдохоор байгаа байх. Гэтэл үнэндээ ингэж суугаад ч чадахгүй байх үед... 😪 Төрөлх биш, дээрээс нь сайн ч сураагүй хэл дээр хичээл үзнэ гэдэг чинь амар зүйл биш юм байна өө үнэндээ. Гадаадад сурдаг найзуудыгаа яаж дуугүй болгоод яваад ирсэн байна аа гэж гайхав би. Өөрөө болохоор гомдолломоор үглэмээр санагдаад байгаа байхгү юу. Би чинь бичиж тэмдэглэж байж арай илүү ойлгож, тогтоодог зуршилтай хүн. Тэгээд лекцэн дээр амжихгүй, дараа нь бичиж авдаг байлаа. Тэгсэн цаг үрэхээс гадна шал хэрэггүй юм хийгээд байжээ. Тэрнээс дараа нь шалгалтан дээр юм олж үзнэ гэж байх ч үгүй. Тэрний оронд үзсэн хичээлээ компьютер дээрээ тэмдэглэл хийгээд, өгүүлбэрийг нь өөрийнхөө үгээр бичээд бэлдээд тавьсан байсан бол шалгалтан дээр жийнкэн хэрэг болж байхгүй юу, энэ онлайн сурч байгаа цаг үед. Гэхдээ бага ч гэсэн туршлагатай болсоон, хэрэгжүүлнээ одоо.
Кодны хичээлийн маань бие даалтын хувьд өмнө нь бага багаар амжихаараа хийгээд явж байсан ч гүйцээж чадахгүй явсаар цаг нь тулчихсан. Бас л өдөр шөнөө ялгахгүй суув. Заримдаа таг гацчихаад, нэтээс хайгаад ч олохгүй, асуух хүн ч байхгүй байхаар би бүр гомдоод, уйлмаар ч санагдах үе байх юм. Өөрөө уг нь энэ салбарын хүн болохоороо код мэдэхгүй ч олон мэддэг хүн байгаа, тэд нараас асууна гэж бодоод ихэд додигор байсан ч үнэндээ цагаа тулахаар тийм байдаггүй юм байна өө. Хүмүүс чинь завгүй, өөр өөрийн ажилтай, нэг зав гаргаад тусална, 2 дахиа чадахгүй. Тэгэхээр нь би өөрөө бүр гомдчих гээд аягүй хэцүү. Тэгээд бодохоор ер нь өөртөө л найдахаас аргагүй. Эх орондоо эх хэл дээрээ сурч байхад сайхан байжээ, найзуудтайгаа ярилцана, хувааж хийнэ, ойлгохгүй бол гүйж очоод багшаас асуучихна. Энд чинь ярилцах ч хүн байхгүй болохоор гацсан үед бол бас л гомдмоор юм байна лээ. Хэндээ ч гомдоод байгаан хэхэ. Тусламж асуусан хүн туслахгүй болохоор гомдчих гээд, тэгснээ ингэж хүнээс асууж царай алдахгүйн тулд өөрөө мундаг болмоор санагдаад шар хөдлөөд, тэгснээ шаралхаад ч чадахгүй болохоор уйлчих гээд, жоохон юм чадчих юм бол баярлаж гүйгээд, ер нь нэг тийм донсолгоотой л байна даа.
Би хичээж байгаа юу гэвэл үнэхээр хичээж байгаа л гэж бодож байна. Магадгүй арга барилаа сайн олохгүй, угаасаа суурь тааруу, дээрээс нь нас жоохон нөлөөлөөд, сэтгэх хурд удааширчихсан болохоор хангалттай сайн байж чадахгүй байгаа байх. Найзууд байранд орсон гээд гэртээ урихад орж байж, хүмүүсийн уух наргихыг харж сууж байгаад, гэртээ орж ирээд хүмүүс унтах үед өглөө болтол хичээлээ хийгээд суух жишээний. Хүүхдийн төрсөн өдөрт уригдаад яг хорхог гарахын өмнө, торт ч идээгүй, заза би хичээлтэй гээд ганцаараа харих жишээний. Энэ чинь миний хувьд хичээж байгаа хэрэг байхгүй юу. Бусдаар бол иймэрхүү юм болгоны манлайд шүү дээ би чинь 😅 Шалтаг тоочвол би чинь бас амьдралтай, 2 хүүхдийн ээж, хүний эхнэр, гэрийн эзэгтэй. Энэ бүхний хажуугаар цаг гаргах гэдэг амаргүй. Гэхдээ манай 3 намайг үнэхээр ойлгож дэмжиж байгаа. 2 хүү минь ээждээ саад бололгүй, хоорондоо тоглоод, биеэ даагаад мундаг байгаа. Би чинь гэртээ сүүлийн хичнээн ч өдөр хоол хийгээгүй юм бүү мэд. Хань маань болох бүтэхээрээ зохицуулаад, хоолоо хийж, гэрээ цэвэрлэнэ, хүүхдүүдээ гаргаж тоглуулна, намайг удаан суухаар нуруу барьж өгөөд л, улаан нүдэлсэн юм хичээлээ хийх ёстой гээд босоод ирэхээр, өглөө ажилдаа явахад нь унталгүй суусаар байхаар нь өрөвддөг юм шиг байгаа юм. Хүмүүсийн унтах цагаар кофе найруулж аваад л сууна шүү дээ би чинь.
За нэг иймэрхүү мяарсан байдалтай хүн эхний хагас семестрээ дүүргэлээ. Одоо долоо хоног амрана гэх боловч бөөн хийх зүйлс овоорсон. Хичээл буцаад орохоос өмнө жаахан цэгцрээд авах юмсандаа. Улирлын эцсийн 50 онооны шалгалтуудыг яаж өгнөө гэж бодохоор одооноос айдас хүйдсээр дүүрэн байна.
За өөр зөндөө бичих юм байгаа боловч одоо унтахгүй бол болохгүй нь ээ. Дараа, удахгүй дахиж бичнэ ээ. Гэхдээ арай өөдрөг зүйлс бичихийг хичээнэ ээ.
Comments
Post a Comment