Элийрэл
Заримдаа юу ч юм бичмээр, гэхдээ юу бичихээ ч мэдэхгүй, нэг тийм хагас дутуу ч юм уу, хоосон ч юм шиг мэдрэмж төрөх юм. Бүх зүйл болоод байгаа юм шиг хирнээ сэтгэл дүүрч өгөхгүй, тэгээд дундуур юм уу гээд бодохоор үгүй ч юм шиг. За мэдэхгүй, нэг тийм элий балай мэдрэмж төрж, тэрийгээ өөрөө өөртэйгөө энд ярьж, элийрч балайрч ганцаараа суух нь гоё ч юм шиг. Хүн ер нь их төвөгтэй амьтан юм. Ганцаараа байхаараа хүмүүсийг санаж, хүмүүстэй хамт байвал ганцаараа тайван байх сан гэж хүсэх.
Би ер нь яг юу ч хүсээд, юугаар ч дутаад байгаа юм.. Ээж аавдаа эрхлээд л, гарынх нь хоолыг амтархан идээд, хол ойрын хачин сонинг хуучилж, гангар гунгар ярилцаад сууж баймаар, эсвэл хоёр сайхан хүүгээ эрхлүүлээд л, тоглож наадахыг нь харж хамтдаа баясаад л, халуун дулаан гэртээ хамтдаа бүгдээрээ байж баймаар, үгүйдээ л дотны хэдхэн найзтайгаа тухтайхан нэгэн газар сууж, халбага пиво халуун дулаан яриандаа халцгааж, зовлон жаргалаа, өнгөрснийг бас ирээдүйг, ер нь юу бодсон санасан бүх л зүйлээ, сэтгэлээ уужирч онгойтол, бодох санах зүйлгүйгээр ярилцаж суумаар... Ингээд бодохоор ерөөсөө нэг тийм халуун дулаан мэдрэмж, хайртай дотны хүмүүсээрээ л дутаад байгаа юмдаг уу даа. Ингэж элийрч балайрч элдэвийг бодох завгүй, бужигнаж асан үедээ бол ганцаархнаа хэн ч саад болохооргүй газар тайван бодож бас бичиж суухсан гэж хүснэ. Нэг хүсэл биелвэл нөгөөг хүсч, нөгөө нь бас болчихвол дахиад өөрийг хүснэ. Магадгүй тиймдээ ч хүний амьдрал сонирхолтой, уйдамгүй байж хөгжиж дэвшиж байдаг юм болов уу.
Хүйтэн өвөл даарахаараа халуун дулаан оронд байсан сан бол гэж хүснэ, харин халуун оронд байхдаа цасаа санана. Нээрэн цас гэснээс хичнээн сайхан гэрэлтэж гялалзсан чимэглэл байлаа гээд хүйтэн хайруу цас маань л байхгүй байхаар шинэ жилийн уур амьсгал ерөөсөө орж өгдөггүй юм байна аа. Цаанаа нэг худлаа санагдаад хаха. Хацар жаахан хайрагдаж ягаараад, амнаас уур гарч, бээлийгээ тайлаад хэсэгхэн болоход гар бээрээд, алхах бүрт цас шаржигнаж, автобус, машины цонх цантаад, цаанаас нь гудамжны олон өнгийн гэрэл гялалзаж харагдаад, тэгээд дээрээс нь том том ширхэгтэй цас хаялаад эхлэвэл бүр янзтай. Шинэ жилийн уур амьсгал гэж тийм л байх ёстой юм шиг. Бид өөрсдийгөө эрс тэс, хүнд хэцүү уур амьсгалтай газарт байдаг гэж голоод халуун дулаан орныг хүсээд байдаг ч, яг цагаа тулвал жилийн дөрвөн улирлыг утгаар нь мэдэрдэг их азтай хүмүүс ч юм шиг. Бүх л цаг үед бүх зүйл ногооноороо байх, энэ навч хэзээ ч энэ модонд ургаж хичнээн ч удаан зүүгдэж байгаа юм бүү мэд, зүгээр л бахь байдгаараа, гүн ногоон өнгөөрөө байгаад л байх нь цаанаа нэг уйтгартай. Шаргал намар ирж бүх зүйл алтлаг өнгөөр хучигдаж, навчис модноосоо гунигтайгаар тасран унах, тэгээд удалгүй хорвоо дэлхий бүхэлдээ цасанд хучигдаж цав цагаан өнгө ноёлох, нарны илч наашилж, цас хайлж хөрснөөс чийг үнэртэн, цоо шинэхэн навчис соёолж, бүх зүйл шив шинээр дахин эхлэх мэт хавар цаг ирнэ, эцэст нь хүсэн хүлээсэн зун цаг айлчилна, түргэн усргалтай голын ус хоржигнож, нов ногоон зүлгэн дээгүүр хөл нүцгэн гүйлдэх цаг ирнэ. Ааруул, айраг, зуслан, зугаалга, үгүйдээ л их хотын орой энэ тэрүүгээр зугаалах юутай сайхан. Ганцхан жилд 4 илүү өөрчлөгдөх энэ өнгө, энэ уур амьсгал, энэ бүхэн уйдах зав өгнө гэж үү.
Зааза бараг л жилийн дөрвөн улирлаараа нэг эргэчихээд ирсэн мэт сэтгэл сэргэчихлээ. Юу ч хамаагүй бичиж элийрэхийн нэг ашиг тус нь энэ юмуу даа. Хааяа ч гэсэн надад ингэж хань болдог блогдоо хайртай гэж. Зиаа амрая аа, цаг орой болж...
Comments
Post a Comment