Нандин мэдрэмж
Магадгүй хорвоо дээрх хамгийн нандин мэдрэмж гэж үүнийг хэлэх байх. Гэдсэндээ бяцхан амь бий болсныг мэдэх, түүнийг мэдрэх, өдөр өдрөөр томрох хэвлийгээ ажин түүнийг өхөөрдөн ярилцах, тэрхүү амийг төсөөлөн хайрлах, энэ бүхний эцэст биенээсээ нэгэн амь, нэгэн бие тасран хорвоод мэндлэхийг харах, мэдрэх тэр агшин... Үүнийг өөр юутай зүйрлэж, юутай харьцуулж болно гэж. Хүүхэд хөөрхөн, хүүхдэд хайртай, хүүхэдтэй болохыг хүсч байна, эсвэл хүсэхгүй байна, хүүхэд бол... Хүүхэд төрүүлж үзээгүй хүн үүнийг мэдрэнэ гэж үү. Чи хорвоо дээр зөвхөн чи биш болж нэгэн бяцхан ертөнцийг бий болгож түүнийг сайн сайхнаар цогцлоох агуу хариуцлагатай хийгээд хүндэтгэлтэй үүргийг өөртөө бий болгосон. Энэ мөчөөс эхлэн хорвоод чиний ертөнцийг бий болгосон эцэг эхээсээ, тэр ертөнцөд хаа нэгтээгээс ирээд бүхнээс илүү хайрлагдсан ханиасаа, бүр өөрөөсөө ч илүү үрийнхээ төлөө сэтгэлээ чилээн, хамтдаа уйлж, дуулж, хамт ахин хэлд бас хөлд орж, өвдөхөд нь өөрийгөө оронд нь өвтгөөч гэж бурханд залбирч, аль байдаг бүхнээ зориулж, амиа ч бас түүнийхээ төлөө зориулах хэрэг гарвал нүдээ ч цавчилгүй галруу орж чадах тийм их хайр бас зориг чамд ирэх болно. Харах бүрт хайр хүрэх гагцхүү чи л хэрхэхийг нь шийдэх тийм нэгэн өчүүхэн өрөвдөлтэй бяцхан хүн. Үснийх нь ширхэгээс эхлээд хөлнийх нь хумсанд хүртэл анхаарал хандуулах ёстой арчаагүй жаахан амь. Гэхдээ хажууд чинь тайван нойрсохыг харахад л өөрийгөө хорвоогийн хамгийн жаргалтай хүн болсноор мэдрэх зүйрлэшгүй мэдрэмж. Тиймээ, энэ бол ээж, энэ бол хүүхэд. Эх үр... Хамгийн энгийн, хамгийн их, хүн бүрт заяах тийм харилцаа. Гэхдээ хамгийн НАНДИН.
Comments
Post a Comment