Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 4 - Австрали

Ингээд бид удаан хөөцөлдөж, хүлээсний эцэст Австрали улсад хөл тавилаа. Манай гэр бүл 2017 оноос эхлэн Австрали улсад сурч, ажиллахаар төлөвлөөд нилээдгүй хүчин зүтгэл гаргасны эцэст миний бие энэхүү улсад ирээд 10 дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Төлөвлөснөөр бол бид энд нилээд хугацааг өнгөрөөх учир юуны түрүүнд анхны сэтгэгдлээ үлдээе гэж бодлоо. Магадгүй цаг хугацаа өнгөрөхийн хирээр энэ улсын талаарх сэтгэгдэл, үзэл бодол нилээд өөрчлөгдөж мэдэх юм. 


Уламжлал ёсоор энэ орны тухай товчхон мэдээллийг хүргэвэл: 

Үндэстнүүдийн холбооны Австрали улс хэмээх энэ улс нь Австралийн эх газар болон олон тооны арлуудыг хамардаг бөгөөд газар нутгынхаа хэмжээгээр дэлхийд 6-д ордог. Уугуул иргэд нь Абергинчууд боловч хүн амын ихэнх хувийг Англи болон Ирланд гаралтай хүмүүс бүрүүлдэг, 24 сая орчим хүн амтай. Анх 1606 онд Голландын аялагч Австрали тивийг олж илрүүлсэн боловч Британичууд тус тивийг бүрэн эзлэж байсан ба 1901-1-1 өдөр Австралийн 6 муж улс нэгдэн Үндэстнүүдийн холбооны Австрали улсыг зарлан тунхаглажээ. Нийслэл хот нь Канберра, хамгийн том хот нь Сидней. 

Тус улс нь холбооны парламентийн систем бүхийн үндсэн хуульт хаант засаглалтай. Үндэстнүүдийн холбооны улсын хувьд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хатан хаан II Элизабет тус улсын төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг. Холбооны түвшинд Ерөнхийлөн захирагч засаглах үүрэгтэй ба гүйцэтгэх засаглалыг Ерөнхий сайд болон түүний кабинетийн гишүүд хэрэгжүүлдэг.  

Үндсэн хуулиараа албан ёсны хэл зарлаагүй ч нийт иргэдийн 80-с дээш хувь Англиар ярьдаг, мөнгөн тэмдэгт нь Австрали доллар. Чийглэг дулаан уур амьсгалтай. Өндөр хөгжилтэй, баян орон. Дундаж наслалтаараа дэлхийд дээгүүр ордог, боловсролын систем мөн дэлхийд тэргүүлдэг. Байгалийн баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Амьдрахад хамгийн таатай улсуудын жагсаалтад нилээд дээгүүр байр эзэлдэг. 

За сонирхвол илүү дэлгэрэнгүй мэдээллийг Интернэтээс авч болох байх. Одоо өөрийн бодлыг сийрүүлмүй. 


Саяхан энд Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Ирээд удаагүй байсан ч сонирхоод оролцож үзлээ. Пөөх ийм их Монголчууд уу гэж бодогдсон шүү. Гэтэл тэнд зөвхөн залуучууд, тэр дундаа сагсан бөмбөг сонирхдог хэсэг бүлэг хүмүүс л байсан. Тэрний цаана дахиад хэдэн зуун хүн байгааг би таашгүй. Тэмцээний гадаа талбайд олон тооны машин харагдна. Бид 2 тэмцээн дуусангуут метроны буудалруу алхахад хажуугаар машинтай Монголчууд зөрөхөөс биш ханиндаа буудал алхсан хүн харагдаагүй шүү. Мэдээж миний мундаг Монголчууд дотор тэтгэлгээр суралцдаг, ажиллах шаардлагагүй боломжтой хүмүүс нилээдгүй л байгаа байх. Гэхдээ тэнд буй олон олон эрчүүдийн энд ирээд хийдэг ажил бол арматур зангидах. Миний нөхөр ч бас тэдний нэг. Өнөөдөр хаана аль барилга дээр ажиллахаасаа хамааран өглөө 5-6 цагийн үед босч ажлын шар хувцсаа өмсөөд, багаж болон өдрийн хоол хийсэн том үүргэвчээ аваад ажилдаа гарна. Ажил 7 цагт эхлэж өдөр 11 цагийн үед цайндаа орно, 15 цагт тарна. Эндэхийн халууныг хэлэх үү. Өдий намрын цагт нь энд 30 давж хална. Нөхрөө ирэхийг дөхүүлээд би хоолыг нь бэлдэхээр галын өрөөгөөр эргэлдэнгээ цонхоор орчныг ажиглана. Өдрийн наранд хөлс нь хиртэйгээ/үнэндээ барилгын тоос шороо гээд л.../ холилдон урссан, өнгөлөг шар ажлын хувцас нь тос, тоос 2-т байдгаараа халтартсан, хүнд цүнхэндээ түүртэж, ядарсандаа бага зэрэг газар ширтэж, хөмсөг атируулсан Монгол залуус маань орцныхоо гадаа ирж амсхийн суугаад тамхиа нэрнэ. Үнэндээ энэ байдлыг хараад нөхрөө тамхинаас гар гэж зэмлэдэг үгс маань хоолойн дээр тээглэнэ. Тэдний хувьд амсхийлт, тайвшрал нь болдог биз. Нөхөр ч ирж хоол цайгаа идэж, усанд орж цэмбийж аваад цүнхээ үүрээд хичээлдээ явна. Цагийн өмнө ядруухан сууж байсан залуус ч мөн цээж тэнэгэр, амандаа тамхиа зууж аваад сургууль сургуулийн зүг.. Миний Монгол залуус гундаж бөхийх болоогүй ээ. 

Харин энд ирээд бүсгүйчүүдийн хамгийн эхэнд хийдэг ажил бол буудлын цэвэрлэгээ. Мэдээж хэн хүний хүсээд байх ажил биш л байх. Би ч үнэндээ сайн мэдэхгүй байна. Би чинь одоохондоо шинэков шүү дээ. Хөдөлмөрч хүүхнүүдээрээ бахархаад энэ сэдвийг түрдээ орхиё. 

За тэгээд юуны тулд ногоон тив гэдэгсэн билээ. Хаашаа л харна мод, цэцэг, ногоо, ус, ургамал. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд, далайн эрэг гээд л.. яг л гадаад хахаха. Хүүхдүүдээ авчирч энэ хүмүүсийн хэвтээд байгаа зүлгэн дээр чөлөөтэй гүйлгэхсэн гэсэн хүсэл өөрийн эрхгүй төрсөн шүү. Мэдээж миний Монголд уудам ногоон тал байлгүй л яахав. Хот доторх, алхаад хүрчих боломжтой, ойр зуурын асуудал ярьж байгаам шүү. Харамсалтай нь энд гадны хүмүүс хүүхдээ сургахад маш өндөр зардалтай. Арван жилийн сурагчийн нэг жилийн сургалтын төлбөр 10000-12000$. Дээрээс нь ном дэвтэр, дүрэмт хувцас, хоол унаа гээд л явж өгнө шүү дээ. За тэгээд их сургуульд хувиараа төлбөрөө төлөөд сурах бол бүр л хүнд. Ерөнхийдөө л Монголтой харьцуулахад өртөг их өндөр газар. Энгийн ажилчдын цалин хангамж нь өндөр байдаг болохоор өөрсдөд нь нэг их асуудал болдоггүй байх л даа. Тэр өртөг зардлын тухай бодолгүй далайн эрэгрүү автобусанд сууж очоод хэн нь хэн бэ гэдэг нь ойлгомжгүй олон зуун хүний дунд өөрийнхөөрөө зугаацаж, усанд сэлж, далайн давалгаанд цохиулж, наран жаргахыг харж суух нь кайф байлгүй яахав. /Би биеэ наранд шарах тал дээр тийм дуртай биш л дээ/

Автобусанд суугаад гэснээс энд мэдээж өндөр хөгжилтэй орнуудын жишгээр метро, автобус, усан онгоц, агаарын онгоц, такси гээд л нийтийн тээвэр бүх л талаар хөгжсөн. Opal хэмээх картандаа хэдэн доллар хийж аваад тэнэж өгнө. Мэдээж такси болон нисдэг онгоцонд хамаагүй. Гэвч opal бас аягүй сонион. Мэдээж хаашаа явахаас хэд унах нь шалтгаална. Бас тухайн 7 хоногт 8-с дээш удаа явах юм бол сүүлдээ унах мөнгө нь багасаж эхэлдэг. Бас амралтын өдөр, ажлын цаг, өдөр оройн аль нь болохоос ч хамаардаг юм шиг байгаан. Нийтлэгээр нь хараад байхад 3$, 4$ бол унаад байгаан. Тэгэхээр гэр сургуулийн хооронд эсвэл, зах дэлгүүр, хотын төв орох гээд хэдэн буудал явахад нэг талдаа 6000, 8000 төгрөг төлөөд байна гэдэг бас гол гороомоор байгаа биздээ хэхэ. 

За дараагийнх нь хүнсний асуудал. Хөдөө аж ахуйн салбараараа тэргүүлдэг газрын хувьд жимс, ногоо, мах, өндөг гээд сонголт арвинаас арвин. Өөрсдөө тариалдаг болоод тэгдэг байх, жимс ногоо зарим талаар Монголоос хямд. Нэг аймар хөл хөдөлгөнтэй, энд байна гэж бодоогүй, нэг тийм аймар захруу жимс зардаг өдөр нь очиж үзсэн. Хаах нь дөхөөд ирсэн чинь 1$ 1$ гээл орилоод хүмүүс шаваад л. Би манарч манарч 2кг банана, 2кг помидор нийтэд нь 4$-р аваад за гаръя явъя болсон. Супермаркетууд бол мэдээж арай үнэтэй, хэсэхэд урамтай. Талхны дундаж үнэ гэхэд л 3$, ваав л гэж бодсон. Сэвсийсэн онц биш амттай талхнуул 1,50$ зэргээр бас олдно оо. Үхрийн мах гэхэд 1кг-ийн нь 8$-р аваад хоол хийсэн чинь боловсруулсан мах байсан уу, хиам шиг улайгаад л явцан. Дажгүй мах зардаг Монголчууд байдаг юм байна лээ. Ястай ясгүй, хонь үхэр, бүхэл жижиглэнгээс хамаараад 6-10$ хавьцаа үнэ харах шиг болсон. 

Сониноос манай байр /байрнууд ч гэх юмуу/ дундаа үнэгүй саун, бассейн, жакуз, фитнесс залтай. Ихэнх газар тийм байдаг юм байна лээ. Зарим нь бүр гадаанаа усан сантай. Тэр нь надад их таалагдаж байгаа. Гадаа саравчинд мах, сосиск эд нар шараад идэж болно, гааз нь шарагч нь бэлэн байж байдаг. Усны хоолой нь дан зэс байдаг гэсэн. Тийм болоод юм уу хичнээн усанд орсон ч аймшигтай хуурай арьс маань хуурайшиж цайрахгүй байгаа. 

Анх намайг онгоцны буудлаас гарахад пүн хийсэн бүгчим уур амьсгал угтаж авсан юм. Хар, шар, цагаан олон хүн холхилдсон, нэг тийм өнгөлөг ногоон хот. Би гэж хүн чимоданаа чирсэн хөдөөний хүн хот газар ирэх мэт л юм бүрийг сониучирхан харна. Хөх жинсэн өмд юу юугүй халууцуулж чийг даан хөлөрч эхлэж байлаа. 2 сарын өмнө ирсэн нөхөр маань намайг тосч, надад замчилсаар бидний цаашид аж төрөн амьдрах байранд ирлээ. Хашааны хаалга, орцны хаалга, лифтний товч дарахдаа хүртэл чип уншуулан 6 давхар /тэр багцаа л санагдаад байна, одоо болтол тогтож сайн хараагүй юм байна/ байрны 2 давхарт нэг хаалга түлхүүрдэн орлоо. Хамгийн сонирхолтой нь гэрлүүгээ ирэх замд маш олон Монголчуудтай таарсан. Бидний амьдарч буй Wolli Creek хэмээх газар их олон Монгол хүн амьдардаг. Манай байрыг /байр гэж өрөө л дөө/ бидэнд түрээслэгчид бол 3 хүүхэдтэй, идэр насны Монгол гэр бүл. Байр маань 2 унтлагын өрөө болон том өрөөнөөс бүрдэнэ. Бидний амьдрах өрөө нь мастер өрөө гэж хэлэгддэг, дотроо шүршүүр бүхий ариун цэврийн өрөөтэй жижгэвтэр өрөө. Өрөөнд маань ханын шкаф, 2 хүний ор, хөргөгч, мөлхөө тавиур байрлана. Наагуур цаагуур нь холхиод байх нэг их зай байхгүй ч бид 2 боломжийн амьдраад байж болох байх. Энэ өрөөг бид 7 хоногийн 300$-р түрээслэж байгаа. Мэдээж хоол унд хийхэд айлынхаа гал тогоог/том өрөөтэй хамт байдаг/ ашиглана. Харин айлын маань 5 хүн том өрөө болон нөгөө жижиг өрөөнд тархан суурьшина. Тусдаа ванн болон шүршүүр бүхий ариун цэврийн өрөөтэй, үүдэндээ жижигхэн харанхуй өрөөтэй, мөн угаалга хийх зориулалт бүхий бас нэг жижигхэн өрөө бий. Энд иймэрхүү байрыг бүтнээр нь түрээслэхэд 7 хоногийн 650$ орчим байдаг гэж сонссон. Мэдээж байршил болон байрын том жижиг, орчин гээд янз бүрийн хүчин зүйлээс хамааран өөр өөр үнэтэй байна л даа. Би яг энэ байрлал дахь, иймэрхүү байрны тухайд л ярьж байгаа юм. Дээрээс нь ус, цахилгаан, Интернэт гээд хэрэглээний төлбөрүүдээ төлнө, хажуу өрөөгөө бидэн шиг нөхдүүдэд түрээслүүлчихнэ. За тэгээд халаасны өрөөн дэх шинэхэн хосууд шиг бүх юмаа эхнээс нь эхлэх нь ээ. Юу ч чирээд 40 50 хэл ачаа Монголоос авчирсан юм, бидэнд 1ш амны халбага, 1ш хоолны аяга, халуун барьдаг 2 төмөр аяга гэх мэтийн гал тогооны хэрэгсэл, 1 ээлжийн ор хөнжлийн даавуу, ванны 1, гар нүүрийн 2 алчуур, утас зүү гэх мэт ахуйн хэрэглээний зүйлс, тэгээд бидний өмсөх хувцас гутал тэргүүтэй өмч л байна даа. 

Нөхөр маань намайг ирэхэд тэсэн ядан хүлээж байсан зүйлүүдийн нэг нь магадгүй тамхи. Гэвч би гэж нэг уймраа хүн сандарч байгаад мартаж орхиж. Гэтэл энд нэг хайрцаг тамхи 25, 30$. Ухаан алдаж унах гэж байгаа юм чинь. Хайран юм, юунд мартав даа гээд харамсаад барахгүй хэхэ. Хүн бүр эхнэр чинь ирсэн юм чинь тамхитай биз дээ гэж асууна. Манай хүнд миний манарааг хүн бүрт тайлбарлах хэцүү л байсан байх даа :-)

Дараагийн асуудал бол хоол. Өглөө эрт ажилдаа явж, өдөр ирж усанд орчихоод, хичээлдээ явж, оройхондоо гэрийн бараа хардаг эрчүүдэд хоолны асуудал тун хүнд. Ганцаараа бол тэгээд хоолтой, хоолгүй хонож, бэлэн зүйлээр аргалах нь элбэг. Монголчууд ихэнхидээ өдрийн хоолоо бэлдэж авч явдаг учраас бусдыгаа хараад өлсөөд суугаад байх хэцүү, худалдаж авч иднэ гэдэг хөлсөө гоожуулан олсон хэдэн төгрөгнөөсөө хайр найргүй ховх сорох шиг л болно. Харин эхнэр ирнэ гэдэг, бөөн баяр. Өглөө өдөр оройгүй хоолонд санаа зовох зүйлгүй боллоо л гэсэн үг. Бараг би энд хоол хийх үүрэгтэй ирсэн бил үү гэж бодогдтол хийнэ шүү дээ :-)

Comments

Popular Posts