Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 2 - Улаан Үүд, Байгаль нуур

2015/07/15-2015/07/22
Хэл ус, газар орон мэдэхгүй бидний хэдэн залуучууд хүсэл тэмүүлэл, эрч хүчиндээ хөтлөгдөн "Сибирийн цэнхэр нүд" хэмээн алдаршсан дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй Байгаль нуурын зүг хөлгийн жолоо залсан юм. Үүнийг уншиж буй эрхэм танд Байгаль нуур, Итгэлт хамбын тухай элдвийн нэмэлт тайлбар тавих нь илүүц биз.

Хоёр Prius, нэг Allion, нийт 3 машин хөлөглөсөн 11 залуу 07 сарын 15-ны өглөө Улаанбаатараас хөдөллөө. Дархан хот, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайран өнгөрч Алтанбулагт ирэхэд цаг бага зэрэг оройтсон байсан тул хилээр гараад газар мэдэхгүй, таних хүнгүй бид хилийн наана хонохоор боллоо. Майхан саваа босгож, бэлдсэн махаараа шорлог хийж, хөзөр даалуу тоглон, хөгжим тавьж бүжиглээд, маргаашийнхаа аялалд бэлтгээд амарцгаалаа. Өглөө эртлэн босож цай цүү болж, ачаа бараагаа баглаад хилээр гарахаар явцгаасан юм. 

Хил дээр дараалал багатай байлаа. Өмнө нь явж үзсэн хүн байхгүй учраас ойр хавийн хүмүүсээс асууж сураглан ямартай ч асуудалгүй хилээр гарсан. ОХУ-ийн нутаг дэвсгэр дээр машинтайгаа явахад анхаарах ёстой зүйлс нь жолооч юуны түрүүнд даатгал хийлгэсэн байх ёстой, мөн урд талын 2 цонх теннгүй байх ёстой, бүх зорчигч бүсээ зүүсэн байх хэрэгтэй, эдгээр шаардлагыг биелүүлээд дүрмээ зөрчихгүй явахад асуудал үүсэхгүй. Бидний 2 машин нэг нэг удаа 500 рублээр торгуулсан, эхний удаа цонхны теннээс болж, 2 дахь нь хурд хэтрүүлсний улмаас. Бусдаар ямар нэг асуудал гарсангүй. 

Хилээр гарсны дараа бензиний үнэ 35 рубль. Биднийг явах үеэр 1 рубль 36 төгрөгтэй тэнцэж байсан. Бид бензин хямд байдаг талаар сонссон учраас эндээс хил гарах хэмжээний бензин аваад хил гарангуутаа Хиагтын ШТС-аас банкаа дүүргээд цааш хөдөлсөн. Хиагтаас Улаан Үүд хүртэл 220км, Улаан үүдээс цааш Байгаль нуур хүртэл 140км зам туулсан. Бүх зам ойлгомжтой, замын тэмдэглэгээ сайтай, зам сайхан байлаа. Очих газраа газрын зураг дээр тэмдэглэж аваад явахад асуудал байхгүй. Замдаа Селенга нэртэй хоолны газраас алдарт плов-будаатай хуурга, позы-бууз, гульяш зэрэг хоол авч идсэн ч жижиг тавагтай грамм заасан хоолонд нь сэтгэл цадаагүй гарсан. Өдрийн халуун гэж жигтэйхэн, амь тэмцэн давхисаар Улаан Үүд хотод орж ирлээ. Яг хот доторх зам бол нэг их таалагдаагүй. Тарамбайны зам, машин зам 2 нь холилдсон, гэрэл дохио нь зарим газраа ойлгомжтой биш, нилээд төвөгтэй санагдсан. Өндөр сайхан байшин барилга гээд байх зүйлгүй, хөгжил багатай газар байна билээ. Буриадууд их учраас нэг талаараа ойлголцоход амар байсан. Центральный гэсэн төв зах бололтой газраас хүнсээ базаагаад Байгаль нуурлуу хөдөллөө. Улаан Үүдээс гарах замаа олоход, утсаар яриулахыг гуйхад олон Буриад болон Орос хүмүүс мөн 2 Солонгос хүн бидэнд тусалсан. Харамсалтай нь нэг машины маань хөргөлтийн системд асуудал гарсан учраас бид замаасаа буцаж Улаан Үүдэд хоноглохоор боллоо. Нэгний маань Улаан Үүдэд ажилладаг танил эгч бидэнд туслаж, Монгол хүн ажиллуулдаг буудалд нэг хүний 400 рублиэр байрлуулж, утасны дугаар өгч, маргааш нь буудлын маань ах бидэнд засварын газар олж өгч, хүний газар Монголчууд маань бидэнд үнэхээр тус болсон. Харин бүгд бидний хэтэрхий зоригтойг гайхаж байлаа. Тавтай тухтай буудалд хоноод, маргааш нь засварын газар нилээд хүлээсний эцэст бүх зүйл амжилттай болж бөөн баяр болцгоон аялалаа үргэжлүүллээ.

Бид танил эгчийн холбоо тогтоож өгсөн Буриад эмээтэй утсаар ярисаар, газрын зураг, замын тэмдэглэгээгээ дагасаар Горячинск хэмээх газар ирэв. Нуурыг анх хармагцаа өөрийн эрхгүй дуу алдлаа. Зах хязгаар нь харагдахгүй ийм их ус харсан бидний хувьд үнэхээр сэтгэл хөдлөж байсан юм. Эмээгийн зааж өгсөн буудлууд тосгон дунд, нуураас хол учраас таалагдсангүй. Өөрсдөө хайна гэж хэлээд эмээг явууллаа. Буцаж явсаар Гремячинск хэмээх тосгонд ирсэн. Замаараа хэд хэдэн газраас буудаллах талаар асуусан боловч бидний мөнгөнд ахдаж байсан юм. Гремячинск-т ирээд мөн л хэд хэдэн амралтын газар асуухад 1200, 700, хамгийн доод тал нь 500 рубль байсан. Тэгсэн мөртлөө байр нь ч бидний сэтгэлд нэг их хүрэхгүй байлаа. Харин нэг эмээгийн амралтын газар 1 орон дээр 2 хүн орныхоо мөнгийн хувааж төлөөд орохыг зөвшөөрснөөр бид хүний 350 рублиэр маш аятайхан газар олсон юм. 2 тусдаа, тус бүр 3 ортой, мөн жижиг гал тогоотой байшинд бид охид хөвгүүдээрээ хуваагдан орлоо. Бид 3 баг болон хуваагдаж, өдөр бүр ээлж ээлжээрээ хоолны жижүүр хийж, Монголоос авчирсан борц, шуузаар хоол хийн, цадталаа хооллож, нэг үгээр их л хангалуун явсан. 

Маргаашаас нь эхлээд л далайн эрэг дээр өнжсөн дөө. Халуун наранд бүлээссэн ус, халсан элсэнд үнэхээр жаргалаа эдлэж байгаад ирлээ. Өдөржин усны хувцастай усанд сэлж, элсэн дээр хэвтэн наранд биеэ шарж, элсний гар бөмбөг тоглож, хөзөрдөж, том өсгөгчөөр дуу тавин бүжиглэж, далайн эргийг доргиож байлаа. Тэнд нар үнэхээр үзэсгэлэнтэй жаргадаг. Ус ямар ч давлагаагүй тогтуун болж, тэнгэрийн хаяа ягаараад, нуурын мандалд туссан нь дэндүү романтик харагдаж байлаа. Бид тэнд 4 хоносон. Сүүлийн өдрөө эрэг дээр түүдэг асааж галын наадам хийхэд, ойр хавийн Монгол, Орос, Буриад нөхдүүд бидний гал дээр ирж танилцан тойрон бүжиглэж байлаа. Бид байшиндаа ирж амраад өглөө эртлэн босож Улаан Үүдрүү буцлаа. Тэнд очоод өдөржин Центральный, Галакси, Абсолют хэмээх дэлгүүрээр хэсч, Монгол дахь ШөлөнДө-тэй адилхан ШулэнДө гэсэн хоолны газар хооллоод, Лениний толгой хөшөөний дэргэд зургаа татуулаад Итгэлт хамбад очиж мөргөхөөр явсан. 

Оройтсон байсан тул нэг Буриад эгчээр яриулж 500 рубль төлөөд амралтын газрын хашаанд майхнаа барьж буудаллаа. Хүн бүхэн аюултайг сануулж байсан учраас бид хээр газар хонож зүрхэлсэнгүй. Замд мөн жижиг тэрэгтэй Орос залуус биднийг шахаж, урдаа оруулахгүй хаах зэрэг үйлдэл гаргаж байсан учир бид хүний газар аль болох болгоомжтой явахыг хичээсэн юм. Жижүүртэй нөхдүүд хоолоо хийж, бусад нь майхан саваа босгож, хөзөр тоглон, тэр өдөр эртхэн амарцгаалаа. Маргааш өглөө нь эртлэн босож Итгэлт хамбадаа мөргөж, ажил үйлсээ даатгаж, хүслээ шивнэн залбирцгаалаа. Хийдрүү ороход нэг хүний 250 рублийн өргөл өгөх ба нэг хүн 2 ширхэг хадаг, тавгийн идээтэй ордог. Тэндээс гараад бид шууд л нутгийн зүг хөлгийн жолоог залсан. Гадаа дэндүү халуун, ядарсан, нозоорсон хүмүүс бүтэн 5 цаг дараалалд зогсож, шалгуулж байж хилээр нэвтэрлээ. Хилээр нэвтрэхэд урдуур хойгуур чихэх гэж чичирсэн Монгол хүмүүс хамгийн муухай, бүдүүлэг санагдаж байсныг хэлэх хэрэгтэй байх. Сэлэнгийн төвд Монгол хоолоо цадталаа идэж аваад, замаараа Сайханы хөтөл, Гурван голын бэлчир, Ээж мод ороод, зогсолтгүй давхисаар шөнө дунд Улаанбаатар хотдоо ирсэн юм. 

Бидний зориг гарган хийсэн аялал үнэхээр адал явдалтай, азтай, баяр хөөртэй, туршлага хуримтлуулсан, гайхалтай сайхан аялал байлаа. Хэл мэдэхгүй бид энд тэндээс сонссон 2 3-н үгээ эвлүүлж, гар хөлөө ашиглан, мөнхүү сэрэглэн зангийнхаа ачаар асуудалгүй сайхан аялаад ирлээ. Дахиад явах юмсан :-D

Comments

Popular Posts