Төлөөс

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд бүтэн нэг жил өнгөрчихжээ. Тэрээр орон дээрээ өвдгөө тэврэн суугаад бодол болно. Яг л нэг жилийн өмнө энд ингээд суухдаа цөхрөлөө баран уйлж суусан. Бүх юм утгагүй санагдаж байж суух газраа олохгүй, энэлэн шаналж уйлахаас өөр зүйлийг хийх тэнхэлгүй ухаан балартан суусан тэр өдөр яг л өчигдөр юм шиг тодхон санагдаж байлаа. Гэтэл нулимс барагдчихдаг юм уу гэлтэй тэр хар дарсан зүүд шиг өдрийг хичнээн бодлоо гээд нүдэнд нулимс цийлэгнэх нь байтугай харин ч хатаж ширгэсэндээ юмуу үл мэдэг онийн, доод уруулаа бага зэрэг хазлан хорсолтойгоор инээвхийлж суугаа харагдна. Тэр гаслантай өдрийг бодон суухад түүний нүүрэнд гуниг бус хорсол илэрч байлаа. Тэр дэндүү их хайр энэ нэг жилийн дотор ийм их үзэн ядалт болон хувирна гэж хэн санах билээ. 
Түүнд нэг найз нь "жинхэнэ хайр гэдэг хэзээ ч юу ч үгүй алга болдоггүй юм, нэг бол тэр хэмжээгээрээ үзэн ядалт болж хувирдаг эсвэл бага ч гэсэн сэтгэл үлдээд зүрхний хаа нэгтээ нуугдаж байдаг юм" гэж хэлсэн үгний учрыг одоо л ойлгож байх шиг. Үзэн ядалт болчихлоо гэж үү? Тэгвэл түүний зүрхэнд? Түүний зүрхэнд юу байж таарах вэ, үзэн ядалт уу эсвэл бага ч гэсэн сэтгэл үлдчихсэн үү? Хичнээн үзэн ядаж итгэл алдарсан ч хэзээ нэгэн өдөр түүнд хайрлуулж байсан гэдэгтээ эргэлздэггүй. Харин тэр нь одоо юу болж үлдсэн бол? Тэр хоёрын хамтдаа өнгөрүүлсэн он жилүүд мартъя гээд ч мартаж болохооргүй, дэндүү их дурсамж бас амьдрал. Тиймээс тэр ч бас мартаж таарахгүй. 
Хүүхэд наснаас бие даасан амьдралруу орох, төлөвших, хэн нэгнийг чинь зүрхнээсээ хайрлах, амьдралынхаа ид нандин үеэ зөвхөн түүнд зориулжээ. Харин хариуд нь түүний хүссэн хайрыг биш, эр хүнд үл итгэх, хар амиа хичээх өөдгүй муухай занг л үлдээсэн, бас хүнийг маш ихээр үзэн ядах сэтгэлийг... 
Энэ бүхнийг эргэцүүлэн суухдаа тэрээр унагасан нулимс, нойргүй хоносон шөнө, шаналсан зүрх, доромжлол, түүнээс болж амссан зовлон бүхнийхээ хариуг авахыг хүснэ. Түүнээс..., өөрөө... Өөр шиг нь зовж шаналаж, хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж байгаагаа ухааран, өрөвдөлтэй царайчлангуй харцаар өөрлүү нь харж байхыг, түүний хийсэн бүхнийхээ төлөө харамсаж байгааг нь харахыг тэсгэлгүй ихээр хүснэ. Хорвоо ийм байдаг юм уу? Нүглийн золиос болсныхоо хариуд өөрөө ч бас нүгэлтэн болохыг яагаад ингэтлээ хүснэ вэ? Тэр ганцхан зүйлд баярлана. Түүнийг явуулсандаа...

Comments

Popular Posts