Гейшагийн дурсамж [1]

Та "Гейша"-г хэрхэн төсөөлдөг вэ? 18-аас 19-р зууны үед ихээхэн түгээмэл байсан энэхүү эмэгтэйчүүдийн талаар ихэнх хүмүүс буруу ойлголттой байдаг. Гейша гэдэг нь "гей-ша" буюу "урлагийн хүн" гэсэг утгатай үг бөгөөд гейша бүсгүйчүүд ямар нарийн урлаг эзэмшсэн, ямар үүрэг гүйцэтгэдэг, "ямархуу" эмэгтэйчүүд байсан тухайг нэгэн Гейша бүсгүйн илэн далангүй хүүрнэл, дурсамжаар илэрхийлсэн Артур Голдены "Гейшагийн дурсамж" хэмээх гайхамшигтай номыг шимтэн уншсан даруйдаа эмэгтэй хүний эцэж цуцашгүй хийгээд эмзэг нандин чанарыг өгүүлэх энэхүү номноос олсон мэдлэг бөгөөд мэдрэмжийг уншигч тантай хуваалцахыг хүслээ.


Номын агуулга.
Өмнө хэлсэнчлэн энэхүү ном нь Япон далайн Йоридо хэмээх жижигхэн хотын загасчны охин болох Чио хэрхэн нэр алдартай гейша болсон талаараа хүүрнэх дурсамж хэлбэрээр бичигджээ. Тэрээр Йоридогийн загасчны жижиг тосгонд, үргэлж салхи үлээх хадан цохионы дэргэдэх "согтож гуйвсан хүн" шиг байшинд өсөж бойжсон юм. Нэгэн хэвийн уйтгартай ядруухан амьдралаар амьдрах Чио охины эхийгээ дуурайсан нүд нь хүн бүрийнхтэй адилгүй онцгой тунгалаг саарал өнгөтэй ажээ. Харин түүнээс зургаан насаар эгч Сацу нь эцгээсээ авч болох бүхнийг аван дуурайсан байлаа. Чиог долоон настай байхад түүний ээж хүндээр өвдсөн юм. Эмчийн хэлснээр удахгүй өөд болох ээжийнх нь тахилын ширээнд зориулсан гүгэл авчруулахаар тосгонруу явуулсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх Ноён Танакатай учруулжээ. Тэрээр Япон тэнгисийн эргийн далайн бүтээгдэхүүний компанийг эзэмшдэг ажээ. Чиогийн аав Сакамото эхнэрээ өөд болсны дараа охидоо тэжээхэд хүнд байх тул ноён Танакад тэднийг худалдсан юм. Охид тэр тусмаа Чио ноён Танакагийн тансаг гэрт өргөгдөхийг горидон баярлаж байсан ч энэ түүний гэр бүлийнхнээсээ үүрд салах хийгээд гейша болох хувь тавиланруу эргэлт буцалтгүй орох зам байсныг тэр мэдсэнгүй. 
Тэднийг Японы Киото хотын Жион дүүрэгт аваачиж Чиог "окейя" хэмээх гейша нарын амьдрах байранд үлдээгээд эгч Сацуг нь аваад явлаа. Окейяд түүний хамгийн анх харсан хүн бол Жион дүүргийн хамгийн алдартай гейша нарын нэг бөгөөд түүний гейшан амьдралын мөнхийн дайсан болох Хацумомо байлаа. Түүнийг хүлээж авсан дараагийн хүмүүс бол Анти, Чиотой ижил насны хожим мөн гейша болох зарц охин Хулуу /Чиогийн нэрлэснээр/, Ээж болон Грэнни нар байлаа. Ээж гэдэг нь Антигийн дүү бөгөөд, Сацу Чио 2 шиг нэг гэрт төрөөгүй, харин Гренни тэднийг өргөж авсан хүн байлаа. Грэнни насандаа хэнийг ч хайрлаж байгаагүй хахир зантай, хөгшин, үрчийсэн царайтай эмэгтэй бөгөөд Чио түүнд таалагдах нь тийм ч чухал биш, гол нь Ээжид таалагдах ёстой байлаа. Ээж бол өмссөн тансаг кимонодоо даанч тохироогүй аймшигтай царайтай ажээ. Нүний цөцгий нь цэвэрхэн цагаан биш, шар хөгцтэй харагдах агаад аньсага нь чийгтэй, улаан махны өнгөтэй, эргэн тойрны арьс нь унжсан, хэл буйл нь хөх саарал холилдсон өнгөтэй харагдна. Чиогийн нүдний өнгө тэдэнд таалагджээ. Юу ч гэсэн охин тэдэнд аятайхан санагдсан тул түүний үлдээхээр шийдлээ. Чиод 2 л сонголт байлаа, нэг бол биеэ зөв авч явахыг сурна, эсвэл зодуулна. Ирсэн эхний үед гэрийнхнээ санаж, Сацутай дахин уулзах эсэхдээ санаа зовж, ямар азгүй зовж зүдэрч байгаагаа мэдэрч байлаа. Хоёр, гурван сарын дараа гейша болох урлагт суралцаж эхлэх бөгөөд зөвшөөрөлгүй гадагшаа гарах эрх ч түүнд байхгүй. Сургалт нь Японы хөгжмийн зэмсэг, уламжлалт дуу дуулах урлаг, бүжиг, цайны ёслол, цэцэг янзлах, яруу найраг, утга зохиол гэх мэт олон янзын урлагаас бүрдэнэ. Жионы гейша болох охид нэг л сургуульд очиж суралцдаг учир тэнд л эгчтэйгээ таарах нь хэмээн сэтгэж олсоор хөтлүүлсэн үнээ шиг байхаар шийджээ. Хамгийн хүнд биш ч өөрөөнүүдийг цэвэрлэх, бохир хонгилыг шүүрдэх, хааяа тогооч авгай болон Антигийн зараалаар гадагш гарах гэх мэт ажлыг хийдэг байлаа. Дээр дурдсан гейша Хацумомо энэ окейягийн хамгийн том өрөөг ганцаар эзэмшинэ. Энд байх бүх хүмүүс Ээж, Грэнни нар хүртэл Хацумомог яаж нэр хүндтэй хэвээр байлгах, түүний амьдралыг хөнгөвчлөх тухай л боддог. Учир нь Хацумомогийн орлого дан ганцаар энэ окейяг авч явдаг болсноор окейян хатан хаан болсон юм. Тиймээс хүндтэй байхаас өөр арга байхгүй. Шөнө ирэхэд нь зарц нар унтаагүй хүлээнэ, оймсоо ч тайлж чадахгүй согтуу ирвэл түүнийг унтуулна, хоол бэлдэж өгнө гээд л.. Энд ирснээс сарын дараа Чио Хулууг даган сургуульд явж эхлэнэ, насаар чацуу тэдэнд нөхцөл боломж таарвал ярих зүйл олон байсан ч ихэнх цагаа үүрэг даалгавар биелүүлэхэд зарцуулдаг байлаа. Зарц нарын байр болов уу гэмээр урт модон байшинд сургууль нь байрлах аж. Анхны суусан хичээл хөгжмийн хичээл бөгөөд "сямисэн" хэмээх гитараас жижигхэн, өнцөгтөө эргэлдэж байдаг гурван модон шонтой, их биеийн дээд хэсгийг муурын арьсаар бөмбөр шиг бүрсэн, модон хайрцаг шиг хөгжмийг тоглож сурах аж. Дараа дараагийн хичээл нь бүжгийн, дууны хичээлүүд байлаа. Хичээл бүрээс Сацугаа хайх боловч түүнийг байхгүй байгаад сэтгэлээр унаж байлаа. Усанд орж, анх удаа кимоно өмсч, сургуульд сурах болсноос хойш Хацумомогийн хэрхэн хувцаслах, нүүрээ будахыг харж дэргэд нь сууж суралцах боллоо. Өглөө эртдээ гейша хүн жирийн л нэг эмэгтэй байдаг. Нүүрэнд нь тос гялалзаж, амнаас нь эвгүй үнэ ханхалж ч болно. Харин толины өмнө удаан сууж, нүүрэндээ будаг шунх тавьсны дараа л сая гейша болно. Харин үсний засалт шөнө ч энэ чигээрээ байх ёстой. Түүнийг хадгалахын тулд хүзүүн дороо хатуу дэр тавьж толгойгоо газраас хөндий унтана. Хацумомо Чиог хамгийн ихээр үзэн ядаж түүнийг худал хэлсэн, хулгай хийсэн, зугтахыг оролдсон болгох гэх мэт янз бүрийг аргаар чадаж, хамгийн дорд байдлаар харьцаж, хааяа алганы амт үзүүлдэг байлаа. Чио байрны хамгийн залуу "хүүхэлдэй" /гейшад суралцаж буй залуу охидыг ихэвчлэн кокон хүүхэлдэй гэж нэрлэдэг/ учир буцаж ирэх гейшаг хүлээж, угтаж авна. Ингэж хүлээхдээ Хацумомог нууц амрагтай болсныг мэднэ, мэдээж үүнийг хэн нэгэнд хэлбэл Чио энд байх аргагүй болно. Ер нь л Харцумомо түүнийг энд байхад хэцүү болтол зовоодог. Өөрийн өрсөлдөгч болох Жионы алдартэй гейша Мамехан кимоног авчирч түүн дээр Чиогоор ханз бичүүлж Мамехад аваачиж өгөхийг даалгана. Кимоно бол гейшан маш чухал эдлэл бөгөөд маш үнэтэй. Зарим кимоно бол жинхэнэ урлагийн бүтээл байдаг. Хацумомо үүний хариуд түүнд эгчийнх нь байгаа газрыг хэлнэ гэж амлажээ. Мэдээж энэ хэргийг хэн хийснийг Ээж мэдэж байвч бийр барьсан хүн буруутан болно. Чио саваадуулж, маш үнэтэй кимоног төлөх өрөнд орно. Тэр гейша болж ажилласан хойноо үүний үнийг төлөх ёстой. Тэр байтугай сургуульд суралцахад, хоол унд, эмнэлгийн тусламж авахад хэрэглэсэн гэх мэт бүх мөнгийг тэр төлөх ёстой. Түүнийг авчрахад зарцуулсан мөнгийг ч түүнээс эргүүлж авна. Үүний тулд л ээж өдөр бүрийн өрийн данс дэвтэртэйгээ зууралдаж цагийг өнгөрөөдөг. Тийм ч учраас тэр сайн гейша болох ёстой. Хэрэв тэр нэг удаа зугтахын оролдвол Ээж түүнд хөрөнгө оруулж болохгүй хүн байна гэж үзээд түүнийг гейша болгохгүй.  Анти Греннид зодуулж сүүжээ хугалаад гейша болж чадахгүйн улмаас насаараа энд зарц хийсэн. Чиог зодуулсны дараа Хацумомо амласан ёсоороо түүнд эгчийнх нь байгаа газрыг зааж өгчээ.

Comments

  1. 2-r hesgiig n unshmaar sanagdaad haisan chin olddoggue :(

    ReplyDelete
  2. Sain bnuu ene nomiig buren eheer ni haanaas awj boloh bol yaraltaihereg bolood bn tuslaach :)

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts