Сайн байна уу, 8-р сар!

Ингээд бид 2 нь 25 долоо хоног хүрж байна. Хурдан юм аа. Одоо 15-хан долоо хоногийн дараа бяцхан үртэйгээ уулзах нь ээ. Яг одоо ээжийнхээ гэдсэн дотор тонгочоод л байж байна. Хөдөлгөөн нь бүр их мэдрэгддэг болсон. Харшил маань бараг л зүгээр болчихсон. Хааяа өглөөдөө жоохон хөдлөөд л зүгээр болчихдог. Нуруу, толгой өвдөх гэх мэт зовиур багатай аятайхан байгаа. Ажилтай үед жоохон ядраад бас хавагнаад байдгийг эс тооцвол ер нь асуудалгүй дээ.

Өмнөх 20 долоо хоногийн ургийн гажиг хардаг үзлэгээр бүтэн 2 цаг шахам хараад (аав нь харж сууж байгаад дундуур нь бүр хурхираад унтсан), хөл гарынх нь хуруунуудыг тоолж, янз бүрийн хэмжилт хийгээд нэг зүйлийн (mild nuchal fold increasing) хэмжээ хэвийнээс их байна гэсэн дүгнэлт гаргаад намайг хэсэг хямраав. 4 долоо хоногийн дараа дахин үзүүлээрэй гээд, өнгөрсөн долоо хоногт 24 долоо хоног хүрээд үзүүлтэл харин хэвийн байна гэж хэлэхэд хамаг юм хөнгөрөөд л явчихсан. Одоо алзахгүй дээ бид 2 нь. Аан бас 2 кесар хагалгааны дараа өөрөөрөө төрөх боломж хир байгаа талаар асуусан. Эмч маань мэдээж гарч болох эрсдлүүдийг тайлбарлаад, ямар нэг сэдээлтгүй байгалиараа өвдөөд төрвөл боломжтой гэж хэлсэн. Гэхдээ 37 долоо хоног хүрээд дахиад ярилцана гэсэн. Өөрөөрөө төрчихвөл буцаад бие маань нөхөн сэргээгдэх, хөхөнд сүү орох гэх мэтэд илүү дээр юм болов уу гэж найдаад байгаа юм. Нөгөө талаас өдий насан дээрээ анх удаа, өөрөөрөө төрөх нь хожуу анхлан төрөгч шиг л хүнд байх болов уу гэх айдас бас байна аа. Юутай ч 37 долоо хоног хүртлээ ажигланаа өөрийгөө. 

За тэгээд жирэмсэн үеийн сонин сайхан гэдэг чинь дан жирэмслэлтийн талаар л болчихдог юм байна. Ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. 7 хоногтоо 2-3 удаа ажиллаад л. Ажлынхан одоо жирэмсэн гэдгийг мэддэг болсон болохоор бүгдээрээ л надад илүү анхаарч хүнд зүйлс хийлгэхгүйг хичээж байгаа. Зарим хүмүүс жирэмсэн гэдгийг маань мэдээд нэг шоконд орно, хүнтэй суусан гэдгийг сонсоод дахиад шокроно, өмнө нь хүүхэдтэй гэдгийг сонсоод, бүр 2 хүүхэдтэй гэдгийг сонсоод, тэгээд тэр хоёрын насыг нь сонсоод хэд хэдэн удаа шоконд орно доо. Яахав хүмүүст залуу харагдаж байгаа даа баярлаж байгаа ч энэ бүгдээ хэлээд хүмүүс шоконд ороод байхаар аймар хөгширсөн мэдрэмж аваад эвгүй байдаг аа. Угаасаа хамт ажиллаж байгаа хүмүүс дандаа залуу хүмүүс байдаг л даа. 

За тэгээд цөөхөн өдөр ажиллаж байгаа ч амарч байгаа өдрүүд завгүй, нэг л мэдэхэд өнгөрчихөөд байх юм. Хүмүүсийн төрсөн өдөр бараг л долоо хоног бүр болно, тэд нарт бэлэг авна, гэртээ хүнс болон бусад зүйл авахаар бас дэлгүүр орно, чөлөө гарахаар найзуудтайгаа уулзаж хов базна, гэрийн ажил, хоол унд, хүүхдүүд сургуульд хүргэж авах гэх мэт. Олон жил энд амьдраад тэр үү хамаг тавилга хуучраад бүгдийг нь л шинэчлэх хэрэгтэй санагдаад, дээрээс нь шинэ хүн төрөхөд бэлдэх гээд ер нь зардал ихтэй л байгаа. Австралийн амьдрал тэгээд завсар өгөхгүй л төлбөр тооцоо зардлаар дарчих юм дөө. Сар бүр 420 гаран долларын даатгал төлдөг мөртлөө жирэмсний үеийн үзлэг шинжилгээнүүд огт даатгалаас төлөгдөхгүй юм. Үзлэг бүр $176, дээрээс нь шинжилгээ эхо $250, $460 гээд л явж өгч байна даа. За тэгээд эрүүл байхад л болно доо гээд хичээцгээж л байна даа. 

Аан тийм, нөгөө уншсан номныхоо (бөө залуугийн тухай) дараагийн цуврал болох 3 номыг уншаад дуусгасан. Дахиад шинэ ном эхлүүлсэн боловч тэр үнэндээ сайн явахгүй байгаа. Утсаараа нэг бүтэн реалити шоу үзээд дуусгачихсан. Дундуур нь бас ганц нэг кино үзнэ ээ. Утастай л хэт их найзлаж байна даа. Бас найзуудтай холбогдож Лудо тоглоход цаг их зарцуулж байна аа. Энийг ер нь одоо болино оо. Заримдаа хожигдоод байхаар бас стресстнэ, тэгээд цагийн гарз, шал дэмий юм байна ер нь. Жаахан өөртөө хэрэгтэй юманд цагаа зориулья. Хамт ажиллаж байсан найз хамаатны ах эгч хоёрынхоо визийг мэдүүлээд өгөөч гээд, хэд хоног унжирч сунжирч явж байгаад сая дуусгаад явуулчихлаа. Виз нь гараасай билээ. Хүн итгэж найдаад надаар мэдүүлүүлж байхад сайн мэдээ дуулгаад баярлуулчих юм сан даа. 

Саяхан нээрэн мандаринд явсан юм байна. Өвөл өдийд бараг жил бүр л явдаг юм. 2 том хувин дүүрэн мандарин модноос нь түүгээд, түүнийгээ авч явахад $50 төлсөн. Мэдээж дотор нь байхдаа хүссэн хэмжээгээрээ идэж болно. Тэндээсээ гараад бөөндөө парк орж хорхог хийж идээд гэртээ ирсэн дээ. Төрөхөөсөө өмнө аль чадахаараа ийш тийшээ явж байя л гэж бодоод байна. Төрчихөөд нялх хүүхэдтэй сайн явж чадаа ч уу үгүй ч үү. Канберра, болвол бүр Брисбэн ч явчихаад ирмээр байна. 

За за өнөөдөр ингээд дуусгаад унтая аа. Өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө. Шөнийн 2 цаг өнгөрчихсөн байдаг шүү. Сайхан амраарай. 




Comments

Popular Posts