Сайн байна уу, 2024?

Шинэ оны мэнд ээ! Австрали улсад ирсээр 6 дахь оноо угтлаа. Яах ийхийн зуургүй өнгөрсөн хирнээ яасан урт хугацаа вэ? Сайхан эх орондоо очилгүй их л удлаа даа.

11 сараас хойш тэмдэглэл бичих гэж олон удаа эхэлсэн боловч дуусгаж, нийтлэж чадахгүй байсаар шинэ он гарчээ. Заримдаа аймар их юм бичмээр, заримдаа юу ч бичмээргүй юм шиг санагдаад байдаг юм. Эцэст нь тэгээд бичихээр шийднэ ээ. Дараа нь уншихаар тухайн үеэ эргэж санаад, мэдрээд гоё байдаг. 

2023 он үйл явдлаар дүүрэн жил өнгөрлөө. Хамгийн том амжилт нь хүсч мөрөөдөж байсан их сургуулиа хугацаандаа, амжилттай төгсөж чадлаа. Түүнээс хойш завтай юм шиг хирнээ завгүй цаг хугацаа үргэлжилсээр нэг мэдэхэд л хагас жил өнгөрчээ. Ажилд орохоор хайж, материал явуулж, шалгалт, ярилцлага өгч нэг хэсэгжин бужигнасан. Үнэндээ бол тийм ч амжилттай байсан гэж хэлж чадахгүй ээ. Хэд хэдэн газар эцсийн шатны ярилцлага дээр ирээд унасан. Тэр дундаас нэг газарт л сүүлийн шатандаа тэнцсэн. Тэрнээс хойш би өөрөө тайвширсан уу, ажилд авах сезон нь тэгж таарсан уу, нэг л нам жим болчихсон. Тэнцсэн газар маань Сидней хот байгаа Шинэ Өмнөд Уэльс гээд мужийн маань засгийн газар. Background check хийнэ, referree check хийнэ гээд л, цаашаа үргэлжлээд явчих юм. Тэгээд хүлээлгээд л. Гэтэл гэнэт л манайх гэдэг айл өөр мужруу нүүж магадгүй болоод явчихлаа. Нөхөр бид 2 зургаан жил Сиднейд амьдарсан. Энэ хугацаанд манай хүн өөр тийшээ нүүе, өөр газар амьдарч үзье гээд л байсан боловч би эндээ хоргодоод хөдлөж өгөхгүй, сүүлдээ  их сургуульд орсноос хойш бүр ч худлаа болсон. Тэгээд гэнэт дахиж ярилцаад одоо л нүүхгүй бол мужийн засгийн газар ажилд орчихвол эндээсээ бүр хөдлөхгүй юм байна гэж үзээд нүүхээр бараг л шийдчихээд байж байна. Харин ч ирэх сарын эхэнд хүүхдийн хичээл эхлэхээс өмнө энэ сардаа нүүе гэж байсныг сургуулийн эхний терм дуусгаад 4 сард нүүхээр болгож хойшлууллаа. Энд байгаа бүх юмаа зараад, шинэ газар очиж амьдрана гэдэг бараг л бүгдийг эхнээс нь эхлэж байгаатай ялгаагүй, маш том шийдвэр учраас сайн төлөвлөх хэрэгтэй санагдаад байна. Ажил хайх процесс ч эхнээсээ эхэлнэ. 

Сургалтын виз дууссан болохоор дараагийн ажиллах эрхтэй визээ мэдүүлээд 5 жилээр гарчихсан. Энэ визний хугацаа өмнө нь 2 байснаа 3 жил болж уртсаад, бас эрэлттэй мэргэжлээр төгссөн гээд 2 жил нэмж авах эрхтэй болж саяхан өөрчлөгдсөн юм. Гэтэл одоо Австрали цагаачдаа цөөлнө гээд буцаад 2 жил болж байгаа сурагтай. Хүмүүс намайг азтай байна аа л гээд байгаа. Азтай азтай. Одоо тэгэхээр бид 2028 он буюу ирснээсээ хойш нийт 10 жил хүртэл хугацаанд амьдрах боломжтой болчихсон. Дараагийн шатны виз мэдүүлэх эсэх талаар бас бодоод л байна. Энийгээ дуусгаад буцах уу эсвэл байнгын оршин суугчын виз мэдүүлэх үү гээд л. Энэ визтэйгээ байхад Сиднейгээс өөр газар амьдарвал хүүхдийн сургалтын төлбөр төлөхгүй болох гээд байгаа юм. Нүүх гэж байгаа том шалтгааны нэг нь энэ. Харин байнгын оршин суугч болчихвол эндэхийн иргэдтэй ижил эрх эдлээд бүр л гоё болно. Гэхдээ авах гэж нилээд юм болно. Тэгэхээр сайн бодож байгаад шийдвэртэй хөдлөнө өө. 

Аравдугаар сард төгсөлт, хүүгийн төрсөн өдөр, 11 сард миний төрсөн өдөр гээд бужигнаж байтал араас нь гурван ч гэр бүлийн найзууд 12 сард бүл нэмээд нэг л их завгүй бужигнаж өнгөрлөө. 11-р сард төлөвлөөгүй байж байгаад гэнэт "2 зураас" харсан юм. Эхлээд хараад яахаа мэдэхгүй сандраад, сүүлдээ баярлаад, хэдэн өдрийг нэг л "гэгээн" өнгөрөөсөн... Бид хоёр аав ээжүүддээ залгаж хэлээд л, тэр хэд маань баярлаад, аав минь бүр нулимс дуслуулсан. Хоёр хүүдээ дүүтэй болох нь гэж хэлээд, бүх найзуудруугаа бичээд л, шинжилгээ өгч, витамин уугаад л. Төрөх өдрөө ярилцаад л... Харамсалтай нь буцаад явчихсан. Нэг л өдөр доошоо цус үзэгдээд, тэгээд маргааш нь базлаад л, урсаад гараад явчихсан. Хэнд ч юм гомдож хэдэн өдөр үнэхээр "бараан" өнгөрсөн. Дахиад бүгдрүү нь залгаж, бичиж хэлээд л, 2 хүүдээ тайлбарлаад, аав минь дахин нулимс дуслуулж, үе үе хэн нэгэнд гомдож нууцхан нулимсаа залгисаар одоо гайгүй тайвширсаан. 

Зардал мөнгөний боломж тааруу байсан болохоор энэ жилийн Крисмасийн амралтаар бид ийш тийшээ явж аялаж зугаалахгүй гэж ярилцсан юм. Жил бүр л ямар нэг төлөвлөгөөтэй байж байдаг. Анх ирсэн жилээ 2019 оныг бид 2 Тайландын Пукетруу хоёулхнаа явж угтсан, 2020 онд Gold Coast гээд өөр хотруу аав ээж, гэр бүл, найзууд гээд хорин хэдүүлээ явж далайн эрэг дээр, 2021 онд Ковидтой байсан учир өөр тийшээ явалгүй Сиднейд гадаа холоос салют үзэж, 2022 онд найзуудаараа усан онгоц түрээслээд Сиднейн гоё салютыг яг дэргэдээс нь утгаар нь үзэж, 2023 оныг Мэлбурн хотруу мөн л олуулаа аялаж байшинд угтсан. Харин 2024 оныг найзындаа угтлаа. Гэртээ угтана гэж төвөлөж байсан ч би ажиллаж таараад бэлдэж амжилгүй, бас найзынх уриад тэгээд очоод гаргачихсан. 

Ийш тийшээ яваагүй болохоор зүгээр суухаар гээд би дэлгүүрт (Tommy Hilfiger) Крисмасийн үеийн түр ажилтнаар (Christmas casual - Sales consultant) орсон юм. Англи нэр нь сүртэй байгааз. Үнэндээ бол хувцас эвхээд л орж ирсэн хүмүүст ямар нэг тусламж хэрэгтэй бол туслаад л байж байдаг хүн. Өмнө нь кассан дээр зогсоод л байнгын шахуу их хүнтэй завгүй ажиллаж байсан надад хааяа хүмүүс эвхсэн хувцас буулгахгүй бол хийх юмгүй ч юм шиг эвгүй санагдаад байдаг. Энэ үеэр дэлгүүрүүдийн хямдрал явагдаад, ачаалал ихэсдэг тул ингэж түр ажилтнууд авч ажиллуулдаг. Өмнө нь ажиллаж байсан Zara яг хичээлтэй байхад заавал олон өдөр ажилла гээд байхаар нь чадахгүй нь ээ гэж байгаад, завтай болоод одоо ажиллая гээд хэлсэн чинь олигтой хуваарь өгөхгүй байхаар нь уур хүрээд дахиж ажиллахгүй ээ гээд хэлчихсэн. Одоо өөр газар орсон чинь үнэндээ Зарагийн уур амьсгал онцгүй байсан юм шиг санагдсан. Менежерүүд нь жоохон биеэ тоосон, сонин харьцаатай хэдэн шар хүүхэн, ажилладаг зарим нэг жоохон охидууд нь жоохон мэдрэл ааштай. Энд ороод өө хүмүүс чинь бас дажгүй л харьцаатай байдагийн байшдээ гэж бодсон. За тэгээд хүмүүсийн амралт дуусч ажил эхлээд, дэлгүүрүүдийн ачаалал багасаад эдний өгөх хуваарь ч бас багассан дөө. 

Хүүхдүүийн зуны амралт эхэлсэн. Гэрт байхаараа өдөржин утас үзэх гэнэ. Уг нь өдөрт үзэх цагийг нь 2 цагаар хязгаарладаг юм. Гэхдээ тэгээд өөрсдөө нэмж цаг гуйж шална, бид хэд найзуудтайгаа уулзахаараа, эсвэл гэрт үлдээхээрээ нэмж өгнө гээд л яг 2 цагаа байнга барьж чаддаггүй л дээ. Ямар нэг юм болвол тэрүүгээр нь цагийг чинь хасна шүү, нэмнэ шүү гэж бас барьцаална аа. Тэгээд аль болох бас амралтыг нь аятайхан өнгөрөөчих юм сан гээд усан парк, зоо парк, кино үзэх, салхинд гарах гээл аль болохоороо хичээж л байна. Амралтыг нь тааруулаад бас бага хүүгийнхээ шүднүүдийг янзлуулж байгаа. Нилээд муудтал нь бас явсан муу ээж байна аа би. Шинэ визээ аваад, шинэ даатгал аваад, дээр нь шүдний даатгал нэмж мөнгө төлөөд, тэрүүгээрээ талыг нь хөнгөлүүлж байгаа. Энд шүдний эмнэлэг ер нь нилээд үнэтэй. Том хүү бас шилжилтийн нас ойртоод байна уу хааяа жоохон юман дээр бухимдах гээд, заримдаа гөжүүдлэх гээд байдаг болсон. Жоохон энергиэ шатааг гээд сагсны секцэнд явуулж байгаа. Яг сайн дурлах эсэхийг нь мэдэхгүй л байна. Өөрөө янз бүрийн юм туршиж үзэхээс татгалздаггүй хүүхэд байгаан. Харин бага нь юу ч байсан үгүй л гээд байдаг. Утсаар тоглохоос л бусдыг нь бараг. Тэгсэн чинь Жижицү (Brazilian Jiujitsu)-д явуулж үзсэн чинь дажгүй таалагдаж байна гэсэн. Тэр нь тэгээд тоглоод л, ноцолдоод л байдаг юм билээ. Нээрэн манай 2 хүүхэд нүүнэ гэхэд тун дургүй байгаа, найзуудаасаа холдоно гээд. Угаасаа найзуудаа орхиод шинэ танихгүй сургуульд орно гэдэг амар юм биш л дээ, ойлгож байна. Ялангуяа том нь явахгүй л гээд байгаа. Яадаг юм байгаан бүү мэд. 

За сүүлийн үеийн сонин гэвэл энэ шив дээ. Ойрд бичээгүй их урт юм бичлээ. Зарим зүйлийг мартахгүй байх гэж, эргээд уншаад энэ үеэ дурсах гэж бичдэг. 

2024 онд их том төлөвлөгөөнүүдтэй. Шинэ хотруу нүүж тэндээ төвхнөнө. Гэр бүлээрээ усан онгоцны аялалд явна. Би мэргэжлийн ажилд орно. Нөхөр маань бас шинэ очсон газраа аятайхан ажил олж хийнэ. Хүүхдүүд шинэ сургуульд орно. Би бас гэр бүлээрээ Монгол явна л гэж төлөвлөөд байгаан. Нөхөр бол яг ч шууд дэмжихгүй байна. Явбал нэг мөсөн хуримаа хийе гээд байгаан. Гэвч энэ намар хурим хийнэ гэхэд арай амжихааргүй байгаад байдаг. Уг нь хийчихмээр байдаг. Энэ тал дээр эцсийн шийдэлд хүрээгүй байгаа. Бид 2 шивээс хийлгэнэ гэж төлөвлөсөн. Бас нөхрийнхөө харааг тэглүүлмээр байна. Би ажилд орсныхоо дараа Америкийн виз өөрөө мэдүүлж үзье гэж бодож байгаа. Энэ жил Монголоос гадна бас нэг өөр оронлуу явж үзмээр байна. Найзуудтайгаа аялана гэж төлөвлөж байгаа. Гэхдээ одоохондоо цаг хугацаа нь шийдэгдээгүй байна. Хэрвээ байнгын оршин суугчийн виз мэдүүлэх бол түүнд зориулсан алхмуудыг хийж эхэлнэ, PTE шалгалт өгөх, PY(Professional year) хийх гэх мэт. Хажуугаар нь хувь хүнийхээ хөгжилд анхаарах төлөвлөгөөтэй байна. Бие бялдартаа ч бас. Нөхөр, хүүхдүүдийнхээ хөгжилд ч бас анхаарна аа. 

Заримдаа зөндөө төлөвлөгөө гаргаад тэрэндээ хүрч чадахгүй болохоор дэмий ч олон юм хүсээд, тэр нь худлаа болоод байх шиг санагдаад, зарим жил онцын төлөвлөгөө гаргахгүй байгаад байсан. Гэхдээ тэрийг дэмий юм байна гэж бодсоон. Ямар нэг төлөвлөгөөтэй бол илүү зорилготой урам зоригтой хөдөлдөг. Тэгэхгүйгээр, тодорхой юм төлөвлөөгүй бол урсгал дагаад урсаад байдаг юм шиг санагдсан.  Тэгээд ийм том том юм биччихлээ шүү. Энэ оны эцэст хир биелэлттэй байгаагаа дүгнэнэ ээ. 

Шинэ ондоо амжилт бүтээл, шинэ сайхан бүхнээр дүүрэн байх болно оо!



Comments

Popular Posts