Ай лайф аа гэж...

[21/06/23] Зэээ, наашаа орж ирэлгүй арай их удчихвуудааа. Хичээлээ дууссаан. Шалгалт, курсын ажил гээд бүгд дууссан. Одоо дүнгээ хүлээж байна. 7 сар гаргаад дүн гарна. Завтай болсон гээд жаал сагсуурлаа 😝 Тэгж яваад ханиад зооглочихоод хэд хоног ёстой дарлуулж байна. Анх удаа л ингэж олон хоногоор ханиад хүндэрч үзэж байна. Сэргэчихвэл нэг амьдрал ахуйгаа бодож, ажил төрөл олж хийе дээ. Ай бас л 2 жилийн дараа ингэж зүгээрийг хийх чинь сонин л байдаг юм байна...

[26/06/23] Бичснээ дуусгаж чадалгүй тав хоносон байхуй. Ханиад овоо эдгэсээн. Өнөөдрөөс амьдралаа бодъё гээд компьютераа нээгээд сууж байна. Амрангуутаа л уулзаж амжаагүй хамаг хүмүүстэйгээ уулзаад алаад байх юм бодсон чинь ганц нэгтэй нь уулзаад тэгээд тэнкээ тасарсан байдаг. Ажил төрөл хайя, шалгалт шүүлэг, ярилцлага энэ тэрд бэлдэе. Тэмдэглэл энэ тэр хөтлөж тархи толгойгоо цэгцлэе гэж бодож сууна даа. 
Удаан бичээгүй байснаа яг ингээд бичье гэхээр чинь бас бичих юм олддоггүй юм байна. Юутай ч энэ сургуульд орсноос хойш анх удаа бичгээр шалгалт өгч үзлээ. Сонин ч юм шиг, зүгээр ч юм шиг. Ковидоос болоод бүх юм цахимд шилжээд нэг тийм завсрын үед сурч төгслөө. Ирэх семестэрээс 100 хувь танхимаар хичээллэнэ гэсэн. Төслийн хамгаалалт хүртэл цахим болсон. Гэхдээ бүр ковидоос болоод сургууль дээрээ ч ирж чадаагүй, цахимаар дипломаа аваад төгссөн оюутнуудыг бодоход гайгүй шүү. Диплом гэснээс төгсөлт бүр хэдэн сарын дараа болдог юм байна лээ. Би бараг 10 юм уу 11 сард л дипломоо авч таарах байх. Сонин удаан хүлээлгэж байгаа биз. 

[28/06/23] (Энэ өдөр бүр он сар тавиад орхисон байдаг)

[03/07/23] Ингээд л долоон сар гарчих нь энэ үү дээ. Ганц тэмдэглэлээ дуусгаж амжаагүй байхад шүү дээ. Ер нь тэгээд гэрт байхаар зорьж л цаг зав гаргахгүй бол цаг хугацаа чинь урсаж өгөх юм байна өө. Унтаж сэрээд л гэр орон, хоол унд, гарч орох ойр зуурын ажил, амралтын өдрөөр салхинд гарах, найз нөхөдтэйгөө уулзах, төрсөн өдөр, дэлгүүр хоршоо гээд л дуусчих юм байна. Ойрдоо жоохон тааруу мэдээнүүдтэй өдөр байлаа. Сайн найзуудын маань нэгнийх нь ээж хүндээр өвдсөн гэж дуулаад жоохон ч гэсэн боломж байвад тусалчих санаатай байж байтал ганц хоёр хоногийн дараа л бурхны орондоо одсон гэдэг гунигтай мэдээ авлаа. Үнэхээр харамсалтай байна. Ээжгүй хорвоо ямар гунигтай, хоосон байхсан билээ. Ээж ааваасаа хол байгаадаа, цаг хугацааг тэдэнтэйгээ хамт өнгөрүүлж чадахгүй байгаадаа гуниг, харамсал төрлөө. Найз минь бас хүний нутагт докторт суралцаад байж байхад харамсалтай зүйл тохиолоо, охиныхоо доктор болохыг хүлээж тэссэнгүй. Гэхдээ ядаж л уулзаж амжсан даа. Найзыгаа бодохоор гол горойж харамсаж байгаа ч хажууд нь ядаж хамт уйлж чадахгүй болохоор гунигтай байна. Энэ талаар бодох бүрт сэтгэл өвдөх юм. 
Тэгтэл ханийн минь аав бас хүндээр өвдсөн таагүй мэдээ авлаа. Ходоодны хорт хавдар гэнэ. Бурхан минь, Монголд гэрт нь нэг ч хавдрын тохиолдол гараагүй гэр бүл ер нь үлдэж байна уу. Аав хоол сайн идэж чадахгүй, нилээд жин хассан байна. Өөрөө ч сэтгэлээр нилээд унасан бололтой. Бид 2 бас л хол. Хамт эмнэлэг яваад ингэ тэг гээд хажууд нь байж чадахгүй. Яваад очъё гэхээр боломж байдаггүй, тиймхэн л байна. Яг сургуулийн төлбөр дуусгаад, арай хөл дээрээ өндийж чадаагүй үе таарчихдаг. Гэхдээ шинжилгээ, эмчилгээний зардалд нь боломжоороо туслаж, хагалгаа хийлгэхээр бол байдгаа шавхаад ч болов нэмэрлэх болно оо. Хүнд ер нь аав хэд заяахсан билээ. Өнгөрсөн хойно нь харамсаж сууснаас хийж чадах бүхнээ хийсэн нь дээр биз ээ. 
Амьдрал тэгээд олон өнгөтэй юм даа. Нэг найз маань тэд хагацал гашуу туулж, нөгөө нь харин хуримаа хийхээр боллоо. Аль аль нь гэнэтийн байлаа. Аль алинд нь хамт байж чадсангүй. Найзынхаа хуримыг холоос видеогоор дамжуулан үзнэ дээ. 

Зиа за миний хувьд гэвэл одоо ажилд орохгүй бол болохгүй гэж санаа зовоод байгаа ч яг нэг зориулалт гаргаж чадахгүй цаг өнгөрөөгөөд байж байна. Өөрийгөө жоохон идэвхижүүлэхгүй бол.. За энэ тэмдэглэлээ ингээд дуусгая аа. Хичнээн ч өдөр дамнасан юм болоодохов. Ай лайф аа гэж...

What Is the Meaning of Life?

 


Comments

Popular Posts