Dreams come true

Би ер нь үргэлж л юм бичих сонирхолтой байдаг боловч тийм тууштай хүн биш юм шиг байгаа юм. Тэгээд ингэж бодлоо, сургуульд анх тэнцэхээс эхлээд төгсөх хүртэл өөрийн туулж байгаа зүйлс болон сэтгэл зүйн байдлаа бичиж үлдээе гэж. Хэн нэгэнд хэрэг болох ч юм билүү, эсвэл эргээд надад өөрт минь өөрөө өөрийгөө таних аялал болох ч юм билүү. 

Оюутан байх үеэсээ л гадаадад сурах талаар хүсэж мөрөөддөг байв. Харин 10-н жилд байхдаа яг юу бодож байсныг чөтгөр бүү мэд. МУИС л хамгийн том газар шиг санагдаж байсан байх. Улаанбаатарлуу зорин очиж, МУИС-ийг бас "хот"-ыг харчихаад энэ л газар гоё юм шиг санагдаж байсан. Тэгээд л тэр газартаа очсон (2006). Хүний хүсэж мөрөөдөж чадах цар хүрээ үзсэн харсан газраараа л хэмжигддэг байх. Тиймээс л хүмүүс юм үзэж, нүд тайлж, сэтгэхүйгээ тэлнэ гэж ярьдаг биз. Үнэндээ арван жилд байхад би Интернэт хэрэглэж мэдэхгүй, сайндаа л yahoo messenger, mongolie de chat ашигладаг байв. Hi5 гэдгийг их сургуульд байхдаа л анх ашиглаж байв ш дээ. 

Нийслэл хотыг үзчихсэн, бас Интернэтээс амьдрал өөр гэдгийг мэдчихсэн хүн чинь одоо гадаад мөрөөдөж эхлэнэ биз дээ. Гэхдээ яг хаашаа явахаа ч мэдэхгүй, ер нь бол тодорхой зорилгогүй, зүгээр л гадаад явмаар байдаг байв. Зуны амралтаар нь Америкт ажил хийлгэдэг хөтөлбөрийг их л сонирхож байсан ч тэрэнд явуулах хэмжээний мөнгө манайд байсангүй л дээ. Их сургуульд байхад үерхэж байсан залуу маань төгсөөд гэр бүл болоод, хүүхэдтэй болоод сайхан амьдрана гэж ярьдаг байв. Харин би гадаадад сурахаар явцгаая гэхэд тэгээд хэзээ нь хүүхдээ гаргах юм гээд бид 2 маргадаг байлаа. Төгсөөд хоёулаа хоёр талд гэр бүл, хүүхэдтэй болцгоосон доо. Хүнд тодорхой мөрөөдөл байхгүй бол бусдын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллах болно гэсэн утгатай үг байдаг даа. Төгсөөд бусдын жишгээр гялс ажилд орохгүй бол онигоо болчихно. Сургуулиас ирсэн саналын дагуу ирэх намар нь гэхэд шинээр байгуулагдсан Мэдээллийн Технологийн Албанд ажилд оров, ирээдүйн нөхөртэйгөө ч танилцав (2010). МУИС-д ажилд орно гэдэг чинь тэрүүхэндээ нэр хүнд байгаа юм чинь. 2 найз маань төгссөн сургуульдаа сургалтын инженер буюу лаборантаар ажилд орчихсон. Гурвуулаа ирэх жил нь шууд магистртаа бүртгүүлээд, хамтдаа сурч байгаа, бас сургуульдаа ажиллаж байгаа хүмүүс чинь түүртэлгүй 2 жилийн дараа магистр болчихов (2012). Ингээд бас сургуульдаа багшлах эрхтэй болчихсон, ажлынхаа хажуугаар цагийн багш хийчихнэ. За тэгээд амьдрал жам ёсоороо үргэлжилж би гэдэг хүн чинь энэ газраа бүтэн найман жил нэг байрандаа ажилласан байхын сацуу дундуур нь 2 хүүгээ (2013, 2016) өлгийдөн авсан байдаг юм аа. 

Дандаа л гадаадад сурахыг хүссэн хэвээрээ л. Аль ч гадаад юм бүү мэд. Энэ үесд нэг зүйл ойлгосон нь залуу хүмүүст дэмжээд чиглүүлээд өгчих сайн ментор хэрэгтэй юм билээ. Манай сургуулийн зарим залуусыг өөрсдөө гадаадад сурч төгссөн багш нар нь сургуулийнхаа профессор болон тэтгэлэгт холбож өгч, эсвэл сургууль дээр тэтгэлгийн санал ирвэл явуулаад л байсан. Манай багш болохоор дарааллаар нь явуулна гээд дээд төгсөлтийн хэдийн урдуур мань хэдийг хавьтуулахгүй, дээрээс нь төгссөн сургууль энэ тэртэйгээ ч холбосон юмгүй явсаар өөрөө Америкруу яваад өгсөн юм. Би гэдэг хүн яахав, боломж гарвал явчих санаатай ийш тийшээ шагайгаад л, гэвч амжилт олсон юм байхгүй. Бас болоогүй, хангалттай мөнгөтэй болоогүй болохоор тэтгэлэг аваад явчих л санаатай. Тэтгэлэг авах гэтэл гол шалгуур болох хэл нь байдаггүй. Бусдаараа бол бууз хуушуур гэдэг шиг сайхан нийгмийн даатгалаа төлөөд тогтвортой ажиллачихсан, сургуулийн дипломууд дээрх голч өндөр. Гэтэл хэлгүй бол хөлгүй гэгч чухам үнэн үгийг мэдэхгүй хүн одоо байхгүй биз дээ. Англи хэлийг сураад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг өнгөрөөсөн арван жил, их сургуулийн боловсрол минь хэрэг болдоггүй, ганц нэг сургалтанд сууж нэг, больж нэг явсаар ядаж ганц IELTS ч өгчихсөн юм байхгүй. 

Гэнэт л нөхөр маань 'найз нь Австрали явчихсан, боломж байна, тийшээ явцгааяа' гээд л, би чинь бүтэшгүй тэтгэлгийн санаагаа орхиод, юу ч гэсэн нөгөө гадааддаа очъё хэмээгээд, жил тойрон бичиг баримт, дансны баталгаа, нотолгоо бэлдээд л, байрны зээл дээрээ цалингийн зээл нэмж аваад л, 2 хүүгээ бүлтийтэл орхиод ногоон тивд ирчихсэн юм (2018-03). Энд чинь харин хар бор ажил гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч, төрийн байгууллагаас ирсэн хоёр чинь хуруу хумсаа хугалан, хөлсний амт гээчийг ойлголоо. Гэвч миний нөгөө л сурах хүсэл эрмэлзэл тэр мухартаа хэвтсээр, намайг дотроос хатгасаар. Ирээд удаагүй анхны ажлын ярилцлагад ордог өдрөө л Сиднейн их сургууль, технологийн их сургуулийн кампусаар очиж үзээд үүнийг л мөрөөдлийн сургууль гэдэг байх гэж шүүрс алдаж байлаа. Монголдоо сурч байсан жаахан мэдлэг дээрээ дөрөөлөн өөрийгөө бэлдсээр анхын IELTS-аа өгч 5.5 оноо авлаа хөөрхий (2018-12). Би 2 жил дарааллан Macquarie их сургуулиас оффер авч (оноо маань хүрч байсан хамгийн гайгүй сургууль), 2 удаа Монголоос дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж буй оюутнуудад олгодог Боловсролын зээлийн сангийн тэтгэлэгт ороод тэнцээгүй юм (2019, 2020). Сургууль маань дэлхийн эхний 250-д багтдаг, ямартай ч эхний шатыг давчихаад байсан боловч, ярилцлагын шатанд яагаад ч юм уначихаад байв. Тэтгэлэг авахгүй л бол энэ өндөр төлбөрийг төлж дийлэхгүй гээд л гүрийгээд сурахгүй байв. Энэ хугацаанд нөхөр нэг жилийн хэлний бэлтгэл, залгаад би 2 жил коллежид сурлаа (визээ л сунгах гэж). 2 хүүхдээ авчирлаа, аав ээж нарыгаа аяллаар авчраад буцаалаа. Унгарын тэтгэлэгт нэг удаа тэнцсэн ч Австралид өчнөөн мөнгө зарлагадаж гэр бүлээрээ визэнд орчихсон, тэрийгээ хаяад бүгд явах боломжгүй байлаа. 2 жилийн дараа нэг Монгол охины IELTS бэлтгэх сургалтанд сууж хэсэг байж багаад дахин шалгалт өгч 6.5 болгож оноогоо ахиулав (2020-12). Гадаадад байгаа хэдий ч Монголчуудтайгаа л амьдарч, ажиллаж, дээрээс нь хэлний бэлтгэлд суралгүй, долоо хоногт ганц ордог Хятад багштай коллежид явсаар миний хэлний чадвар үнэндээ олигтой ахихгүй байлаа. 

Одоо л сурч эхлэхгүй бол хэтэрхий оройтох гээд байв. Дахиад л нөгөө сургуульдаа сурах талаараа бодож эхэлсэн ч Сиднейн их сургуулийг л харах бүртээ санаа алдаж энд л сурвал гэж бодогдоод байдаг байлаа. Нөхөртөө хэлэхээр тэгвэл сур л даа л гэнэ. Гэвч би өндөр төлбөрөөс нь айгаад байсан юм. Цар тахлаас болоод бүх сургууль хямдарч байхад энэ сургууль л тэнгэрийн үнэтэй хэвээрээ. Жилийн эхний элсэлтийг шийд ч байхгүй, мөнгө ч бэлэн биш өнгөрөөв. Найздаа хэлэхээр нөгөө өмнөх сурах гээд байгаа сургуулийг маань бас голно оо. Тэгээд надруу дэд сайд асан Булгантуяагийн гадаадад мөрөөдлийн сургуульдаа сурсан, сураад төгссөн байхад мөнгө бол дараа нь асуудал биш болдог тухай ярьсан бичлэг явуулж байсан юм. Нөхөртэйгөө нилээд ярилцсны эцэст болгоно гэж шийдээд өнөөх мөрөөдлийн сургуульдаа материалаа явууллаа. Ингээд 2021 оны 5 сард коллежийн 2 дахь жилээ дуусгаад, 8 сараас нь Сиднейн их сургуульд суралцах урилгаа олж авлаа. 

(2021-08 Одоо цаг) Бөөн баяр, бөөн айдас хоёр нэгэн зэрэг... Ёстой гүрийж цуглуулаад байсан мөнгөөрөө эхний хагас жилийн төлбөрөө хийв. Дараагийн төлбөрөө яаж төлөхөө ч мэдэхгүй байж байтал цар тахлаас болоод нөхрийн ажил ч бас зогслоо. Монголоос хүлээж байсан тэтгэлэг энэ жил цар тахлаас болоод мөн зарлагдахгүй болсныг дуулгав... Энэ талаар бодохоос ч айж байна.

Хичээл 2 хоногийн дараа албан ёсоор эхэлнэ. Сургууль, хичээлтэй холбоотой хэсгийг дахин өөр бичвэр болгохгүй бол хэтэрхий урт болох гээд байна. Ямартай ч энэ олон жилийн дараа сурахыг хүссэн сургуульдаа би орж чадлаа. Зорилго тодорхой биш үед юу хийхээ ч мэдэхгүй хий цаг хугацаа алддаг бол мөрөөдөл, зорилго тодорхой болох үед яаж ийж байгаад л түүндээ хүрч болох юм шиг санагдсан шүү. Эцэст нь тодорхой зорилготой, мөрөөдөлтэй байгаарай л гэж хэлэх гэсэн юм. 

How to Make Your Dreams Come True in 8 Steps - Learning Mind

Comments

  1. I wish you the best for every step in your journey. Greetings from The Netherlands :)

    ReplyDelete
    Replies
    1. Aww thank you dear! I will do my best. All the luck in the world, all wished for you. 💜

      Delete

Post a Comment

Popular Posts