9 сарын 3

Өнөөдөр  9 дүгээр сарын 2-н. Хүүхэд байхад хичээлийн шинэ жил эхлэж, удаан уулзаагүй найзуудтайгаа уулзан хөөр баяр болсон өдрүүд байжээ. Том болсон хэдий ч 9 сарын 1 болмогц баярын өдөр мэт цаанаа л хөнгөн догдлол үүсэн гэгэлзчихдэг байж билээ. Харин алс холын Австрали улсад жирийн л нэг ажлын өдөр болон өнгөрлөө. Хүүхдүүд минь ч есөн сарын нэгний баяр хөөрийг мэдэрсэнгүй. Энд хичээлийн шинэ жилийн эхлэх өдөр нь өөр юм. Тэгээд ч Монгол шиг цэцэг навч, шинэ хувцас цүнх, хонх шаар болон хөөрөлдөхгүй. 

Харин маргааш 9-р сарын 3-н. Аав минь хорт хавдар хэмээх өвчний онош сонссоноос хойш даруй 2 сар гаруй хугацаа өнгөрчээ. Би эндээ хагалгаанд оруулах талаар хирэндээ л хөөцөлдсөн боловч чадал минь дутжээ. Хажуугаар нь муухай халдварт өвчнөөс болоод онгоцнууд хуваарийн дагуу нисэхгүй, улс минь ард түмэндээ хилээ нээхгүй хатуухан цаг хугацаа өнгөрч байдаг... Танидаг мэддэг болгонлуугаа залгаж, гуйж уйлж уурлаж аргадсаар ядахнаа эх оронруугаа аав ээж хоёрыгоо явуулах эрх авлаа. Удаан хамт байгаад дасчихсан болохоор явангуут нь гэр хоосроод, хүйт даагаад нэг л эвгүй. Гэхдээ Монголдоо очвол аав минь эмчлүүлэх боломжтой болно. Ядаж байхад нь очоод заавал 21 хоног тусгаарлах байранд байх ёстой. Дахиад л арга чарга хайж гүйсэн ч тусгаарлалтад байх хугацаанд ямар ч арга байхгүй гэнэ. Өвчин намдаах эм тариа ээлжилсээр, өөр ямар ч эмчилгээ байхгүй хорин нэг хоногийг давж хавдар судлалын эмнэлэгт үзүүлснээр маргааш буюу 9 сарын 3-нд хагалгаандаа орохоор болжээ. Хагалгаанд орохоор боллоо гэж баярлаж байсан ч яг маргааш орно гэхээр жаахан айгаад байх юм. Аав минь өнөөдөр эмнэлэгт хэвтсэн. Хичнээн тайван харагдаж байгаа ч өөрт нь эвгүй айдастай  байгаа байхдаа. Миний аав зоригтой байгаарай, бүх юм сайхан болно гээд ганц сайхан тэврээд аавдаа үнсүүлчих юмсан. Хажууд нь байж чадахгүй холоос утас чагнаж суух чинь яасан муухай юм бэ. Гэхдээ миний аав угаасаа зоригтой, охиныхоо энэ сэтгэлийг мэдэрч байгаа юм чинь хагалгаагаа сайн даваад гарч ирээд, хурдан эдгэрч бүх юм сайхан болох болно. Охин нь зөндөө залбирч, тэнгэртээ, тэнгэрт байгаа өвөө эмээдээ сүү өргөөд хүлээж байна аа. Охиныгоо таныхаа хүсэж байсан доктор цолыг автал та минь эрүүл саруул байж урт насална шүү. Та миний хонхны баяр, төгсөлтүүдийн алин дээр нь ч ирж байгаагүй. Харин доктор болоход минь та ирээд охиндоо баяр хүргэж хоёулаа гоё зураг авахуулна шүү ааваа! Ааваа охин нь тандаа маш их хайртай шүү! ❤️


Comments

Popular Posts