Үр бүтээлтэй долоо хоногууд №3

Долоо хоног бүр үнэндээ бичиж амжихгүй юм өө. Энэ удаад бүр 3 долоо хоногийн дараа бичиж байна. Эдгээр өдрүүд бол ээжээр амьсгалсан өдрүүд байлаа. Ханийнхаа ээжийг гаргаж өгөөд, хайртай ээжийгээ тосч аваад, ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн өдрүүд үргэлжилж байна. Асуултын хариулт бүрээс л ээжээрээ амьсгалж байгаа минь мэдрэгдэх байх. 

1. Энэ долоо хоногт хамгийн их талархсан зүйл

Энэ удаад намайг төрүүлсэн сайхан ээждээ таларханаа. Ээж минь хэрэгтэй үед үргэлж л миний дэргэд байж, биднийхээ төлөө бүхнээ зориулсан сайхан эмэгтэй юм. Энэ удаад ч охиндоо тус болж 2 хүүг минь харахаар алс холоос охиноо зорин ирлээ. Ээжийгээ ирэнгүүт л цаанаа нэг сэтгэл дүүрэн болж, өөрийн эрхгүй эрхэлмээр болох юм. Тандаа талархаад талархаад баршгүй нь ээ ээж минь. 

2. Энэ 7 хоногт надад хамгийн их нөлөөлсөн контент

Нөлөөлсөн гэхээсээ илүү сэтгэлд хүрсэн хэд хэдэн контент байсны нэг нь Өглөөний гайхамшиг номын тухай Сэхээтэн подкастын Тайван гэдэг залуугийн ярьсан дугаар сэтгэлд хүрсэн, авч хэрэгжүүлэх зүйл ихтэй байсаан. 

3. Энэ 7 хоногт хийсэн хамгийн сэтгэлтийн таашаал авсан зүйл

Хамгийн ихээр сэтгэлийн таашаал авсан зүйл бол ээжийгээ хажуудаа авчирч, газар үзүүлж, баярлаж байгааг нь харах маш сайхан байлаа. Ээжийн минь хувьд гадаад орны бүх зүйл нь гайхалтай сонихон байсан бөгөөд тэр мэдрэмжийг хажуугаас нь харж явахдаа өөрөөрөө бяцхан бахархах сэтгэл төрж байсаан.  
2 дахь сайхан зүйл бол аавын минь виз гарсааан. Бөөн баяр байнаа би. Бичиг баримтын асуудлаас болоод гарахгүй байхвий гэж маш их санаа зовж байсан юм. Үнэхээр баяртай байна.  

4. Энэ 7 хоногт миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн 

Яг нөлөөлсөн хүн гэхээр санаанд орохгүй нь ээ. Аа гэхдээ нэг найзыгаа дурдая. Найзуудын группт чатлаж байгаад найз маань The story of stuff подкастыг сонсохыг санал болгосон юм. Түүний дараа бид цухасхан тэр талаар ярилцсан бөгөөд найзын маань хандлага намайг ч бас илүү бага хэрэглээтэй, байгаль дэлхийдээ хайртай байхад, бүр боодол боодлоор нь авч уудаг савтай усаа больж байнга хэрэглэх ус цэвэршүүлэгч авахад нөлөөлсөн шүү дээ. Одоо цэвэршүүлэгчнээс ус уух бүртээ сэтгэл хангалуун байгаа. Цаашдаа өөр олон өөрчлөлтийг хийх болно оо. 

5. Энэ 7 хоногийн онцлох дадал зуршил, дэг рүтинэ

Өнгөрсөн 7 хоногуудад фитнесдээ тогтмол явж амжсангүй ээ. Харин трэйнд явах бүртээ номоо уншиж, эсвэл подкаст сонсож байсан. Англи хэл дээр уншиж байсан номоо дуусгаж, монгол хэл дээрх номоо нилээд явуулсан шүү. 

6. Энэ 7 хоногт гаргасан амжилт

Англи хэл дээрх номоо уншиж дуусгасан нь энэ өдрүүдийн амжилт байлаа.

7. Энэ долоо хоногт сурсан сургамж, ойлгосон ухаарал

Ээжийгээ анх нисэх онгоцны буудал дээр харахад ядарсандаа тэр юм уу, эсвэл тураад тэр үү их л өтөлсөн юм шиг санагдсан. Амьд бурхдыгаа байгаа дээр нь чадлынхаа хирээр ачлаж, баярлуулахсан даа л гэж маш их бодогдсон шүү. Удахгүй аавыгаа авчраад 2 ачтанаа чадлаараа хайрланаа. 

8. Юуг бичихийг хүсэж байна вэ?

8.1 Шинээр очсон газар - Гэр бүлээрээ Curl curl beach дээр очсон. Далайн устайгаа шууд нийлсэн пүүлтэй, хүүхдүүдтэйгээ очиход тохиромжтой гоё газар байсан. 

8.2 Шинээр сурсан зүйл - Сурсан гэхэд хаашаа юм, гэхдээ маш сонирхолтой шинэ мэдлэг мэдээлэл авсан гоё подкаст сонссон нь Unlock подкастын Brief answers to the big questions байлаа. Номыг нь уншмаар, байгалийн шинжлэх ухаанд дахин дурламаар санагдсан шүү.

8.3 Хэн нэгэнд тус хүргэсэн эсвэл баярлуулсан тухай - Ээжийгээ л хамгийн түрүүнд хэлэх юм байна. Ээж минь газар үзээд баярлаж байгааг харах сайхан байна. Хүмүүст жижиг том тус хүргэсэн зүйлүүд бас байгаа. Нэг найзыгаа ажилд оруулсан гэх мэтээс эхлээд.  

Comments

Popular Posts