Үр бүтээлтэй долоо хоногууд №1

Өнөөдөр бүтэн сайн өдөр. Амралтын өдөр хэдий ч өглөө эртлэн босож ажилдаа яваад, тарж ирмэгцээ гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч, гэртээ ирж оройн хоолоо хийж идээд, одоо  дэлгэцнийхээ хойно өнгөрсөн 7 хоногоо үнэлэж дүгнэхээр сууж байнаа. Энд ирснээсээ хойш боломжтой үедээ подкаст сонсохыг хичээж байгаа бөгөөд сонсож буй подкастуудын маань нэг нь Сэхээтэн Монгол буюу Нямын найм юм аа. Сүүлийн үед эрч хүч буураад нэг л үр бүтээлгүй болсноо мэдрээд өөртөө сэтгэл хангалуун биш байгаа учраас жаахан цэгцэндээ орж өөртөө дүгнэлт хийхээр шийдээд тус подкастын 8 асуултын дагуу долоо хоногуудаа үнэлэж дүгнэхээр шийдээд сууж байна. За эхлэе!👉


1. Энэ долоо хоногт хамгийн их талархсан зүйл

Энэ долоо хоногт ханийнхаа ээжид талархая аа. Би гэдэг хүн хүүхдүүд болон ээж ирснээс хойш гэрийн ажилд оролцож, хоол унд хийх маань өдрийн од шиг цөөрсөн бөгөөд үд болтол унтаж байгаад босч ажилдаа яваад л, ирж бэлэн хоол идээд, гадуур зугаалж, эсвэл гэртээ хийцгүй утсаа маажиж байгаад унтах маань элбэгшсээн. Арын маань ажлыг хариуцаж, бэрийнхээ хувцсыг угаагаад тавьчихдаг, муухай ааш ч гаргадаггүй ээждээ талархая. Өөрт нь хэлж чадахгүй байж энд бичиж суух юм даа. 💝

2. Энэ 7 хоногт надад хамгийн их нөлөөлсөн контент

Хариулахад хамгийн хялбар асуулт энэ байлаа. Учир нь энэ долоо хоногийн сүүлийн өдөр буюу өнөөдөр сонссон "Долоо хоногоо үнэлэж дүгнэх шалгарсан арга" нэртэй энэхүү подкаст намайг өнөөдрөөс эхлэн өөртөө дүгнэлт хийж, илүү бүтээлч байхад нөлөөлсөн энэ долоо хоногийн шилдэг контентаар шалгараад байнаа. 👍

3. Энэ 7 хоногт хийсэн хамгийн сэтгэлтийн таашаал авсан зүйл

Энэ долоо хоногт хийсэн өөртөө сэтгэл хангалуун байгаа зүйл бол үсээ тайруулсан явдал байлаа. Энд ирээд жил хагас болоход нэг удаа л үсээ доороос нь өөрөө тайрснаас үсэндээ огт хүрээгүй бөгөөд, урт үстэй болох хүсэлтэй байсан юм. Харамсалтай нь үс маань маш их гэмтэж, хугарч, унаад байсан учраас үсээ тайруулна гээд шийдвэр гаргаж чадахгүй явсаар энэ 2 дахь өдөр дэлгүүрт явж байгаад гэнэт үсчин хараад шууд орж суугаад л тайруулчихсан. Хийсэн шинэчлэлт маань надад таалагдаж байгаа. 💇

4. Энэ 7 хоногт миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн 

Яг хэн нэгнийг нөлөөлсөн гэж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ энд нэг хүн ийг дурдая. Энд ирэхэд зуучлуулсан газрын маань ажилтан/захирал эгч байдаг юм. Энэ долоо хоногт визний асуудлаар очиж уулзаад хэсэг яриа дэлгэсэн юм. Тэр эгчтэй уулзахаар амьдрал арай илүү хялбар юм шиг, хүсээд байгаа зүйлдээ би хүрч чадах юм шиг нэг тийм эрч хүч ч юм уу итгэл олж авдаг юм. Өөрөө саяхнаас бараг л миний мөрөөдлийн сургуульд сурч эхэлсэн бөгөөд өөрийгөө дайчилж, сурч, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нь үлгэр жишээ авахаар мундаг санагдсан. Олон газраар явж юм үзэж нүд тайлсан хүний хувьд миний мэдэхгүй сонирхолтой зүйлсийг ярилцаж, бас нэгэн өөр өнцөг, өөр мэдээллийг сонсон суух нь таатай байсаан. 😉

5. Энэ 7 хоногийн онцлох дадал зуршил, дэг рүтинэ

Нөхөр бид 2(ер нь бол нөхрийн шахалтаар) саяхан фитнесст бүртгүүлсэн юм. Одоохондоо  тууштай тогтмол явж чадахгүй байгаа ч ямартай ч энэ 7 хоногт "норм"-ныхоо 2 оролтыг алдалгүй хийчихсэн. Цаашдаа тогтмол явахаар хичээх болно.  💪

6. Энэ 7 хоногт гаргасан амжилт

Ердөөсөө амжилт бодоод олдоггүй ээ. Юу ч гэмээр юм дээ. Тэгээд ядаж ийм юм бичихээр шийдлээ. Шинэ ажил дээрээ хэлний бэрхшээл болон мэдэхгүй шинэ зүйлүүдээс болоод хааяа жаахан сандрал, гутрал 2-т орчих гээд байдаг юм. Өнөөдөр өглөө бас нэгэн өмнө нь хийж байгаагүй шинэ зүйлийг өмнөх өдрийн өгсөн зааврын дагуу хийгээд мэйлээр илгээтэл ааштай хүхнээс "perfect, thanks" гэсэн хариу хүлээн авсан явдал амжилт маань юм уу даа. ✌

7. Энэ долоо хоногт сурсан сургамж, ойлгосон ухаарал

За яг энэ хэсэг дээр ирсэн чинь нойр хүрээд нээх ухаарсан, ойлгосон зүйл санаанд орж ирэхгүй байна аа. Хүмүүс харагдаж байгаагаасаа, эсвэл миний бодсноос шал өөр байж болдог болохоор аливаа зүйлд илүү ул суурьтай хандах хэрэгтэй юм шиг байна лээ л гэсгээд дуусгая даа 😋

8. Юуг бичихийг хүсэж байна вэ?

Энэ хэсэгт 3 асуулт нэмэхээр шийдлээ.

8.1 Шинээр очсон газар - Үнэндээ шинэ очсон газар энэ 7 хоногт байхгүй бололтой. Гэхдээ цаашид шинэ газар үргэлж үзэж байхын тулд энэ асуултыг нэмлээ. За өмнө нь сууж үзээгүй лимузэнд сууж, паридаж, орж үзээгүй барандаа орсон явдлыг тооцчих уу эсгүүвол 😜😜

8.2 Шинээр сурсан зүйл - За шинээр сурсан зүйл ч бас хэцүү юм байна. Эндэхийн жолооны үнэмлэх өгөх шалгалтанд бэлддэг аппликэшнээс хэдхэн ширхэг асуулт бөглөж жижигхээн мэдлэг нэмсэн эсвэл шинэ үг/slang заадаг видеоноос ганц нэгхээн үг тогтоосноо тооцоод дуусгаядаа. Ичмээр байгаа ч ирэх долоо хоногоос шинэ зүйл суралцахыг илүү их хичээх болно оо. 😊

8.3 Хэн нэгэнд тус хүргэсэн эсвэл баярлуулсан тухай - За ингэсийн. Энд ирээд танидаг болсон ахын эхнэр нь Монголоос ирээд ажил хайгаад олдохгүй байгаа бөгөөд надаас мөн тусламж хүссэн юм. Даргаасаа гуйж, ажилгүй өдрөө цаг гарган хамтдаа очиж ярилцлаганд оруулаад туслахыг нилээд хичээж байгаа боловч хэлний асуудлаас болоод шийдвэр жаахан тодорхойгүй байгаа. Гэхдээ л би туслаж, туслахыг хичээж байгаадаа баяртай байна. 😇

За одоо унтахгүй бол үнэхээр амжихгүйнээ. Толгой ажиллахаа болиод сүүлдээ юу ч бичээд байгаан. Энэ долоо хоног дуусахад 20минут үлдсэн байна. 2 сайхан зулзагатайгаа эрхлээд 7 хоногоо аз жаргалтайгаар амарч дуусганаа. Маргааш шинэ долоо хоногийн шинэ өглөө ирнэ, эрч хүчтэйгээр ажилдаа явна, хайртай хүмүүсээ илүү их хайрлаж, шинэ зүйлийг суралцаж, илүү их амжилт гаргасан, үр бүтээлтэй 7 хоног байх болно оо. 😄🙋🙌💖✌

Comments

Popular Posts