Хань минь чи намайг болзоонд уриач

Хэзээ авснаа ч мартсан гоёхон даашинзаа өмсөж
Хэрэг болгон хадгалсан өндөр өсгийтөө углаж
Ув улаанаар уруулаа будан тольны өмнө эргэлдэж
Урт гэзгээ задгайлан салхинд намируулан алхмаар байна
Хань минь чи намайг болзоонд уриач

Гэрэлт хотын шөнийн гудмаар хөтлөлцөн алхаж
Гэнэн хүүхэд насаа дурсан хөгжилдөн инээлдэж
Гэнэ гэнэхэн хацар дээрээ үнсүүлэн
Гэгэлзсэн томоогүй насандаа хэсэгхэн саатмаар байна
Хань минь чи намайг болзоонд уриач

Халуун хоол бэлдэх ээлжнээс нэгэн оройн чөлөө авч
Хань минь чамтайгаа хамт хоёулхнаа зугаалмаар байна
Бүлээн цайгаа яаран уудаг нэгэн үдшийг 
Бүдэгхэн гэрэлтэй орчинд дарс шимэн өнгөрөөмөөр байна
Хань минь чи намайг болзоонд уриач

Болзоондоо би жаахан хоцорч очно шүү
Бүлтгэр үрсээ унтуулчихаад гарна
Цэвэрхэн хослолыг чинь хань нь бэлдээд тавичихна аа
Цэцгэнд дуртайг минь харин битгий мартаарай
Хань минь чи намайг болзоонд уриач


Image result for dating couple

Comments

Popular Posts