Time is flying

Цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вээ.. Аль хэдийн жилийн ихэнх тал нь өнгөрчээ. Өдөр тутмын ажилдаа түүртээд өөртөө цаг гаргаж амжихгүй л явна. Өнөөдөр ажилгүй гэж мэдэлгүй ажилдаа ирсэн "азаар" ганцаараа тухтай суух боломж гараад даалгавраа хийж эхлэхээс өмнө хэдэн үг бичюү гээд сургууль дээрээ ирсэн сууж байна. 

Бүтэн жил хагас шахуу хугацаанд хүүхэдгүй хосууд шиг эрх чөлөөтэй амьдарсан цаг хугацаа дуусгавар болоход 2 долоо хоног үлджээ. Өөрөөр хэлбэл том хүү минь бидэн дээрээ ирэх гээд билетээ захиалчихсан хоног тоолон хүлээж байна. Онгоцны буудал дээр тосох, хүүтэйгээ уулзах, тэвэрч хайрлах мөчүүдийг төсөөлж, зүүдлэн хүлээж байна. Уг нь 2 хүүгээ хамтад нь авчирсан бол бүр аз жаргалтай байхгүй юу. Хүүгээ ирнэ гээд аз жаргалаар дүүрэн байгаач битүүхэн бас дотроо айдастай байх шиг. 4 настай үлдээсэн бяцхан хүү минь одоо 6 нас хүрсэн. Хамтдаа байгаагүй, ээжийн үүрэг хариуцлагаас хол их удсан болохоор бараг л хүүхэд шиг гэрэвшиж, бишүүрхэх гээд байна шүү. Гэхдээ л хүүгээ одоо ч гэсэн авчраад дэргэдээ байлгаж хайрлах гэж байгаадаа үнэхээр аз жаргалтай байна. Удахгүй бага хүү минь ч ирнэ. Энэ жилийн амжуулах томоохон ажлуудын маань нэг хэсэг биеллээ олж л байна.

Хүүхдүүдээ ирэхээс өмнө тусдаа гарна гэж зорьж байсанчлан нилээд хэдэн долоо хоног хөөцөлдөж гүйсний эцэст байшин түрээслэн тусдаа гарсаан. Бас л их ажил болдог юм байна шүү. Энд Монголчууд ихэвчлэн орон сууц түрээслэн амьдардаг байхад зориг гарган байшин түрээслэсэн маань хүмүүсийн гайхшийг их төрүүлсээн. Энэ тал дээр нөхөр бид 2 санал нэгдэн, ямартай ч энд хаусанд амьдарч үзье гэсэн хүслээ биелүүлсээн. Ийм сонголт хийгээд Crazy Rich Nomio гэж хэлүүлэх болсон шүү дээ. Насаараа амьдрах гэж байгаа биш үзэхийг хүссэн бол туршаад үзэхэд юу нь буруу байхав. 

Он гарснаас хойш өөрийнхөө төлөө хийсэн зүйл маань гэвэл 2 тэтгэлэгт материал явуулж, шалгалт өгч, ярилцлагад орсоон. Нэг нь Унгарын засгийн газрын 100 хувийн тэтгэлэг, нөгөөх нь Монголын боловсролын хөгжлийн зээлийн сангийн тэтгэлэг байсан. Монголын тэтгэлэг дэлхийн шилдэг их дээд сургуульд элссэн, сурж байгаа хүмүүст олгодог, тэтгэлгийн хэмжээ тогтмол 16200 орчим америк доллар.

Миний хувьд Унгарын засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, материал явуулсан 2 сургуульдаа хоёуланд нь тэнцсэн амжилттай. Гэвч нэгэнт энд визээ сунгуулаад гэр бүлээ авчирсан, төлөвлөсөн зүйл их байгаа учраас татгалзахаас өөр аргагүй болсон. Монголдоо байсан бол шууд л явах байсан байх. Өөрийгөө бодвол явчихмаар юм шиг байсан ч, хань болон хүүхдүүдийнхээ ирээдүйг бодохоор эндээ үлдсэн нь дээр гэсэн шийдвэрт хүрсэн.  

Харин нөгөө тэтгэлгийн хувьд хэдий бүрэн тэтгэлэг биш ч гэсэн энд сургуульд элсээд ихэнх төлбөрөө төлүүлэх боломж гэж хараад материал явуулсан боловч эхний шатандаа тэнцэж, ярилцлагын шатандаа харамсалтай нь тэнцээгүй. Хариугаа сонсоод зөндөө их уйлсан, их л найдчихсан, олон зүйл бодчихсон байсан. Туршлагагүйн шинж байх л даа. Олон тэтгэлэгт материал өгч унаж бүдэрч үзсэн хүн бол тэгж хүлээж авахгүй байсан байх. Дараа нь харин энэ тэтгэлгийг авсан бол Монголдоо ирж 5 жил ажиллах ёстой, эсвэл буцааж төлдөг гэдгийг сонсоод, магадгүй авах ёсгүй л байсан юм байна гэж бодож өөрийгөө тайвшруулсан. Илүү их хичээвэл, илүү их боломж, явах ёстой илүү сайхан зам намайг хүлээж байгаа гэж итгэж байгаа. 

Ажлын хувьд жил болоод ажлаа солино, баристагаар ажиллана гэж бодож байсан чинь төлөвлөгөө жаахан өөрчлөгдсөөн. Хуучин газраа ажиллаж байгаа боловч нэг шат ахих боломж гарсан. Боломжоо ашиглаад хэсэгтээ ямар ч гэсэн хийгээд үзэхээр шийдсэн. Өмнөхөө бодвол биеийн хүчний ажил багасч, харин толгойгоо жаахан ажиллуулах шаардлагатай тооцоолох, зохицуулах ажил их байгаа. 

За тэгээд хэлний бэлтгэлдээ 2 сар хагас суугаад шууд коллежид элссээн. Бизнесийн чиглэлээр суралцаж байгаа. 7 хоногтоо нэг л удаа хичээл ордог, тэгээд үзсэн хичээлээрээ бие даалт өгдөг. Сурсан зангаараа хэдэн бие даалт овооруулж хаячихаад одоо хийх гэж ирээд ингээд бичээд сууж байна даа. 

Өө сониноос уг нь сайн дурын ажил хийхээр Австралийн улаан загалмайд бүртгүүлээд 7 хоног бүр 4 цагийн сайн дурын ажил хийхээр болсон юм аа. Улаан загалмайн дэлгүүрт ажиллана. Хандивын хувцас болон янз бүрийн зүйлсийг хямд үнээр зардаг, ихэнх нь хуучин бараа бүтээгдэхүүн. Хувцас индүүднэ, өлгөнө, цэгцэлнэ, шошго хадна, зарна, кассан дээр зогсоно гээд дэлгүүр хийдэг бүх л ажлыг хийх учраас овоо туршлага хуримтлуулах боломжтой. Тэгсэн чинь нэг сар ажиллаад, сүүлийн нэг сар нь тасалчихсан :-( Хичээлтэй өдрөө явдаг байсан чинь хичээл амраад тэр өдөр нь ажиллаад ажил тараад явж амжихгүй болоод замхарсан юм болж байна аа. Уг нь нэг эхлүүлсэн ажилдаа ийм тууштай биш зан гаргадаг хүн биш л юмсан. Онцгүй юм болж байна аа. Одоо эргэж очихоос санаа зовоод байх юм. 

За за ойрын үеийн сонин гэвэл ийм байна аа. Энэ блог бүр зүгээр л тэмдэглэлийн дэвтэр боллоо шүү. Хэдэн сардаа нэг орж ирж тайлангаа тавьдаг л ажилтай боллоо. Хичээлээ хийх гэж ирээд зөндөө цаг үрсэн байна. Ингээд дуусгая даа. Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна даа...





Comments

Popular Posts