Нэг жилийн дараа...

Өнөөдөр 3-р сарын 25. Яг нэг жилийн өмнөх энэ өдөр ногоон тивд анх удаа хөл тавьж байжээ. Цастай улирлаас ирсэн миний хувьд онгоцноос буух үед цаг уур жигтэйхэн халуун бүгчим санагдаж билээ. Бүх зүйлс шинэхэн бөгөөд сонихон, гайхалтай санагдахын дээр цоо шинэхэн амьдрал эхлүүлэх хүсэл эрмэлзэл, эрч хүчээр дүүрэн ирж байжээ. Тэр өдрөөс хойш 365 хоног өнгөрч, өнгөрүүлсэн цаг хугацаагаа дүгнэхийн сацуу нэг жилийн туршид олж авсан туршлага мэдээллээ бусадтай хуваалцах цаг иржээ. 


    

Сидней хотын өдөр ба шөнө

Яг одоо миний бие сурч буй сургуулийнхаа компьютерийн лабораторид хичээл орох цагаа хүлээнгээ тэмдэглэл бичиж сууна. Сургуульдаа эрт ирсэн учир нь ажил маань эрт тарсан ба гэртээ харьж, ирэх унааны мөнгөө хэмнээд шууд хичээлдээ орохоор хүлээж байгаа хэрэг. Австралид ирснээс хойш албан ёсоор сургуулийн сурагч болоод 6 дахь долоо хоногийнхоо нүүрийг үзэж байна, тун саяхнаас байгаа биз. Учир нь өмнө нь нөхөр маань суралцаж байгаад одоо миний ээлж ирсэн хэрэг. Албан ёсоор гэж хэлсний учир нь өмнө нь хүлээж тэсэлгүй, хүний оронд нэг сар хичээлд явж, үнэгүй англи хэлний хичээлд бас явж байсан зэрэг албан бус сургуулиуд хэд хэд байсан юм. Монголд байхдаа англи хэдээр ярьдаг оронд л оччих юм бол өөрийн мэдэлгүй л тухайн хэлээр яриад сурчихна гэж боддог байсан минь эндүүрэл байжээ. Олон хүчин зүйл, нөхцөл байдал нөлөөлдөг гэдгийг ухаараад сууж байна. Сидней хотод суралцдаг, ажиллаж амьдардаг ихэнх Монголчууд бие биетэйгээ ихээхэн ойр дотно байх бөгөөд, ихэнх тохиолдолд хамтдаа байр түрээслэн, нэг дороо, бие биетэйгээ ойр амьдардаг. Энэ нь ч мэдээж бие биедээ тустай, хүний газар ганцаардах, ганихрахын зовлон багатай сайхан хэрэг боловч, нөгөө талаар ингэж хамтран амьдарснаар эгээ л Монголдоо байгаа мэт орчин бүрдүүлж, хэлний дадлага хийх, чадвараа нэмэгдүүлэх боломжийг хязгаарладаг юм байна. Мөн бие биедээ туслаж аль болох ирэнгүүт нь ажил олж өгөхөөр мэрийх ба өөрсдийн ажиллаж байгаа газраа бие биедээ санал болгосноор мөн л нэг дор олон Монголчууд мөр зэрэгцэн ажиллаж, нөгөө хэл сурах хүрээллээ Монголчуудаар дүүргэх нь тэр. Мэдээж гадуур дэлгүүр, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх, жижиг сажиг ажил амжуулах үед хэлний хэрэгцээ гарах боловч мэддэг таван үгээ, олон улсын дохионы хэлтэйгээ хоршуулан ашигласнаар асуудлыг төвөггүйхэн шийдчихэж болох. Тиймээс боломжтой бол аль болох Монгол багатай газар ажиллаж амьдравал илүү хэл суралцахад нэмэртэй гэдгийг ухаарсан боловч бас дассан сурсан газраасаа холдох эсэхдээ эргэлзэж тээнэгэлзэн сууж байна. Хүүхдүүд ирчихвэл харуулах туслуулах Монголчуудтайгаа ойр байсан дээр ч юм шиг... За тэгээд ихэнх Монголчууд маань эхлээд хэлний бэлтгэлд суралцахаар ирэх ба эндэхийн хямдавтар хэлний сургуулиуд Монголчуудаар ихээхэн баялаг. Нэг ангид нэжгээд Монголчууд байх ба хоорондоо эх хэлээрээ ярьж, гадаадаар ярихдаа бие биенээсээ нэрэлхэн биеэ үл сул тавих. Хэлний бэлтгэл болон коллежоор ирсэн суралцагчид 2 долоо хоногт 40 цаг ажил хийх эрхтэй байх ба өртөг багатай "хөгжиж буй орон"-оос өртөг өндөр "хөгжилтэй" оронд ирсэн бидний Монголчууд гарцаагүй ажил хийж мөнгө олох шаардлагатай тулгарах ба цаашлаад суралцахаас илүү мөнгө олох ажил нэгдүгээрт тавигдаж эхэлнэ. Түлхүү олддогоор нь өглөөнөөс өдөр хүртэл ажиллаж, хичээлдээ оройн цагаар суралцах замыг сонгоно. Өглөө эртлэн босож хүнд хүчир ажил хийгээд, гэрээрээ шүргэж усанд орж, цайгаа хам хум уучихаад (тал нь шууд ажлаасаа) сургууль дээрээ очиж буй хүмүүсийн тархи хичээлийг хэрхэн хүлээж авах эсэх нь мөн тун эргэлзээтэй. Хэл ус нь цэгцрээгүй байгаа оюутнуудын хийдэг нийтлэг ажил нь эрчүүдийн хувьд барилгын туслах ажилтан болон голцуу steelfixer буюу миний ойлгож буйгаар арматур зангидах ажил. Хүнд ажил боловч үнэлгээ өндөртэй, Монголчууд ч ажилдаа сайн. Эмэгтэйчүүдийн хувьд бүх төрлийн цэвэрлэгээ (үүнд: буудал, айл, стадион, оффис, галт тэрэгний буудал гэх мэт). За тэгээд цаашлаад гал тогооны туслах, бариста, зөөгч, Uber-т таксинд явах, хоол хүргэлт хийх, дэлгүүрт ажиллах гээд бага зэрэг хэл ус, туршлага шаардах ажил мөн цөөнгүй. Аа бас бусдыгаа ахлаж, барилгын ажил олж өгч дундаас нь мөнгө авдаг "боссууд" байна, буудалд supervisor гэх мэт арай ахисан түвшинд ажилладаг хүмүүс байна, бүр хувийн бизнес хийдэг ч хүмүүс байна. Жишээ нь бууз, банш, хэрчсэн гурил, мах, боорцог бүр өрөм, хайлмаг хийж зардаг хүмүүс байна. Монголоос архи тамхи авчирч 5 дахь, хагас сайны орой дэлгүүр хаасан хойно зардаг хүмүүс бас байна цаана чинь. Маникюр, гоо сайхан, бариа засал, үсчин хийдэг хүмүүс байна. Бие биенийхээ хүүхдийг мөнгөөр харж өгдөг ажил бас байна. Ер нь зөвхөн Монголчуудтайгаа харьцаад Монголдоо байгаа юм шиг амьдрах боломж, орчин энд бүрэн байна. За энэ бол нийтлэг амьдралын жишиг болохоос биш бүгд гэсэн үг бас биш юм аа. Хэлээ өмнө нь сураад ирсэн хүмүүст олон сайхан газар мэргэжлийн болон мэргэжлийн бус ажил хийх боломж байхаас гадна, энд их сургуульд тэтгэлгээр болон хувиараа ажил хийж төлбөрөө төлөн суралцдаг бахархал төрүүлэм олон аав ээжийн охид хөвгүүд бий гэдгийг дурдах хэрэгтэй. Тэдний эгнээнд орчих юм сан хэмээн тэмүүлж л явна даа... :-)



Энэ миний ирээдүйн сургуулт байгаа юм

Сониноос сүүлийн үед хэтэрхий их гадны ажиллах хүчин ирж, хууль ёсоор болон хууль бусаар ажиллаж байгаагаас улбаалан хууль дүрмийн биелэлтээ чангатгаад байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл виз гаралт чангарч, гаралтын тоо буурч, хуулиар олгосон цагаас илүү цаг ажилласан хүмүүсийн визийг цуцлах, татвараа мэдүүлээгүй, хичээлдээ суухгүй таслаж байгаа хүмүүст виз цуцлах хүртэл арга хэмжээ авч байгаа гэнэ. Бид 2 нэг жилийн визтэй ирсэн ба визний хугацаа дуусч, шинээр виз мэдүүлээд хариугаа хүлээж байгаа. Энэ үед Bridging гэдэг ангиллын визтэй болчихдог гэсэн. За тэгээд виз маань амжилттай гарах болтугай. Хүүхдүүдтэйгээ уулзалгүй нэг жил болчихлоо, үнэхээр их санаж хурдан авчрахыг хүсэж байна. Виз гарлаа л бол хүүхдүүдээ араасаа мэдүүлнэ гээд л хүлээж байна даа. 


Зун болдог цагаан сар, шинэ жил

Ингээд бичихээр дарамттай дэмий газар юм шиг санагдаж мэдэх юм. Гэхдээ бас үгүй юм аа. Юуны тулд амьдрахад хамгийн таатай арваадхан хотын дунд 2, 3н хот нь цохиж явах вэ дээ. Оюутнууд нь албан ёсны ажиллах эрхтэй байна гэдэг том давуу тал. Өртөг өндөртэй учраас дагаад ажлын үнэлгээ ч өндөр. Жаахан хэрэглээгээ танаад мөнгө хураах боломж бүрэн байна. Хичнээн ядарч ажилласан ч тэрэндээ таарсан хангалттай мөнгө авна гэдэг юутай сайхан :-) За тэгээд дээрээс нь хоол хүнсний асуудал, сонголт ихтэй, эрүүл саруул, авдаг цалингийнхаа дэргэд горойгоод байхааргүй үнэтэй. Идэж үзээгүй зарим нэг үнэтэй ногоо жимсийг энд ирж л үзлээ дээ хөөрхий. Цаг агаар дулаахан таатай, хаа сайгүй цэцэрлэгт хүрээлэн, хаана нь ч очоод нарлаад, нойроо аваад явсан ч болно, хүмүүс угаасаа энд тэндгүй унтаж байх нь элбэг. Хүүхдийн тоглоомын талбай парк ихтэй, заримыг нь авч яваад Монголдоо аваачаад тавичихмаар. Бидний хэдэн хүүхдүүд хөөрхий байрны мухарт байрлах нэг бүхэл хуванцар тоглоомоор л тоглоомын талбайг төсөөлдөг байх. Хүүхдүүдээ хурдан авчирч тоглуулахсан, чөлөөтэй гүйхийг нь харахсан гэж мөрөөсөж байна даа. Дулаахан амралтын өдрүүдээр очих далайн эргүүд ойрхон, үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн. Унаагүй байсан ч нийтийн тээвэрт суугаад хажууханд нь буугаад оччихно. Буцахдаа усны хувцастай, алчуураар биеэ ороогоод явж байсан нь хэн ч таныг нэг их ойшоож харахгүй. Эсвэл зүгээр л байрныхаа саун, бассейн, жакузанд орж бас болж байна. 


Гол орно уу, бассейн орно уу, эсвэл далай орно уу?

Алим, мандарин, жүрж, усан үзэм, черри гээд ихэнх жимсийг яг талбай дээр нь очоод ургаж байгаа модноос нь өөрөө түүгээд цоо шинээр нь идэх боломжтой. Гоё биздээ? 


Жимсний ороон

Монголоо санаад байвал амьд хонь худалдаж аваад, муулаад, гэдэс толгой чанаад идэж болно. Уулын модонд очоод хорхог шорлог хийгээд, майхнаа бариад, гал түлээд тойрч суугаад, гитараа дараад, "Монголоо дуулж" болно. Гол нь хаа хамаагүй хонохгүй л дээ. Кампинг хийдэг үнэтэй болон үнэгүй сайтууд байдаг. Тэр нь ч зүгээр. Хаа хамаагүй газар сүйтгээд байхгүй. Тэгээд аюул багатай, нийтийн 00 эд нартай, тохитой. Үгүй ээ бүр заавал уулын модонд биш байрныхаа голын паркад л мах шараад идэх, газтай шарагч нь бэлэн байжаах жишээний. Хажуу дэлгүүрээс мах авлаа, хэд алхаад парк орлоо, шараад идлээ, шарагчаа болон ширээ сандлаа дараа дараагийн хүмүүстэй зориулж цэвэрлэлээ, явлаа. Олон орны хүмүүс яаж зохицоод байдаг юм, ямартай ч хулгай зэлгий гараад байхгүй, автус унаандаа сайхан очер дарааллаараа үйлчлүүлнэ, машин бариж байхад урдуураа бас оруулчихна, аятайхөөн. Би чинь бас их салан хүн шүү дээ, утсаа энд тэнд орхиод буцаж очоод олоод авна. Цүнхэндээ хамаг юмаа хийчихээд цахилгааныг нь таталгүй ардаа бөгсөн дээрээ шидчихээд чихэвчээр юм сонсоод тайван явж байх жишээний. Энэ хэлний коллежууд нээх томгүй ч гэсэн хөөрхий заавал нэг хооллох өрөөтэй, амрах суудалтай. Зарим нь цай, кофетой, үгүйдээ л цэвэршүүлсэн болон буцалсан устай, богино долгионы зуухтай, хөргөгчтэй, нэг удаагийн аяга хэрэгсэлтэй. Энэ нэг сайхан орныг ижий аав, үр хүүхэддээ үзүүлэхсээн гэж бодох юм даа. Санаж явахад бүтэж, сажилж явахад хүрэх байгаа.  


Кэмпинг хийхүй дор

Бичсэн зүйлс маань дүгнэлт биш, эндэхийн тухай сэтгэгдэл болчихжээ. За яахав ээ яахав. Бас нэг жилийн дотор багагүй л юм үзэж нүд тайллаа. Бодоод байсан чинь 2019 он минь сайн байна уу энэ тэр гээд бичихдээ 2018 оныхоо тайланг тавьчихсан юм байна шд. Тэгээд одоо бичих гэхээр давхцах гээд л байналдаа. Он гарснаас хойш онцын ч өөрлөлт гараагүй юм байна дөө. Гарсан хэдээ дээгүүр биччихсэн. Тэгээд шинэ жил, цагаан сар, валентин, март, цэргийн баяр, төрсөн өдрүүд, амралтын өдрүүд гээл бас л завгүй байлаашдээ. Одоо энэ нэг жилийн босгон дээр дахин нэг эргэлт шинэчлэлт хийх хэрэгтэйн болов уу гэж бодож сууна. Би гэж хүн уйдамхай юм уу, тэмүүлэлтэй юм уу :-D Байж байгаал нэг янз бүрийн юм хум шинэчлэлт энээ тэрээ хийхгүй бол болохгүй болсон мэт сэтгэгдэл төрөх юм. За тэгээд дараагийн нийтлэлээр дахин уулзатлаа түр баяртай. 2019 оны зорилгоо эргэн нэг харчаад хичээл ортол чадуул дуг хийгээд авъя. Чадахгүй бол кино үзнэ ээ. Өө би нээрэн Netflix-н үнэнч хэрэглэгч болоод киног гашрааж байгаа. Дуртай юмаараа дамжуулж хэл сур гээздээ. Кино үзнэ ээ ерөөсөө...

Comments

Popular Posts