Би эрхэлмээр байна

Би эрхэлмээр байна
Духан дээрээ үнсүүлж
Дураараа аашилж 
Чангаар тэврүүлж
Цаашаа гэж түлхсэн мөртлөө наалдаж
Хүзүүнээс нь зүүгдэн 
Хүүхэд шиг эрхэлмээр байна

Даарлаа гээд цамцыг нь тайлуулж
Давраад бас нуруунд нь үүрүүлж
Мөрөөрөө тэврүүлж
Мөхөөлдөс долоогоод
Өлмий дээрээ өндийн
Өөрийгөө үнсүүлээд л
Үдээсээ үдүүлж 
Ороолтоо засуулаад
Гэрэлтэй гудмаар хамт алхаж
Гэгэлзэн догдлон эрхэлмээр байна

Ном уншуулж бас бүүвэйлүүлж унтаад
Нойрон дундаа нүдээ нээхэд
Намайг ширтэж байхыг нь харж
Өглөөний цайгаа орондоо зөөлгөж
Өдөржин хөнжилдөө хөлбөрч
Өвөр дээр нь суугаад 
Үсээ илүүлж 
Ээжийн жаахан охин шиг
Эрхэлмээр байна би

Хамтдаа гадуур зугаалж
Хайрын тухай кинонд уярч
Нулимсыг минь арчингаа шоолоход нь
Нэмж туниад аргадуулж
Анх танилцаж болзож байсан шигээ
Амраг залууд эрхэлмээр байна

Би эрхэлмээр байна
Цаг наргүй зүтгэдэг ээжийн ажлынхаа
Цалинг би ингэж л авмаар байна
Үнэтэй ресторан, хувцас, мөнгөөр биш
Үнсэлт, тэврэлт, хайраар л цалинжмаар байна



2017-04-10

Comments

Popular Posts