Анхны бороо

Цонхны тавцан тог тог хийн дуугарах чимээгээр сэрж цонхоо нээн харвал анхны бороо орж байна. Алгаа тосон хэсэг зогсоод, даарсандаа цонхоо хааж орондоо орлоо. Нөхөр, хүү хоёр сэрчихсэн намайг гайхан харж байна. Бороо орж байна, унтацгаа гэж хэлчихээд анхны бороог алдалгүй олж мэдсэндээ дотроо баярлалаа. Би бороонд дуртай. Бороо ороход бий болдог тэр нэг бүүдгэр байдалд яагаад ч юм би дурладаг. Гадаа бороо орж хүйтрэхэд миний дотор нэг л дулаахан болчихдог ч юм шиг. Цонхоор харан элдвийг эргэцүүлж, өөрийн дотоод хүнтэйгээ ярилцах боломж бий болчих шиг санагдна. Эсвэл цонхны цаадах бороонд гарч, юу ч бодолгүйгээр шалба норж, бүх зүйлээ урсгамаар болно. Ингээд борооны улирал ирчихлээ. Бороо минь чи ахиухан ороод өгөөрэй. Боломж бүрийг алдалгүй асгараарай. Би ч бас чамайг алдахгүйг хичээнэ.  

Comments

Popular Posts