Ажилдаа орлоо

Дөрвөн сарын нэгэн. Ингээд бараг 1 жилийн дараа ажилдаа эргэн орлоо. Мөн ч их хүлээлээ дээ гэдэг шиг хүүгээ 6 сар болонгуут орно гэж байсан яван явсаар одоо л орж байна. Хүү минь одоо 10 сартай мундаг том залуу болжээ. Ажилдаа эргэн ортол бүтэц бүрэлдэхүүн, ажилчид, ажил гээд өөрчлөгдөөгүй зүйл алга. Өглөө ирж өрөөгөө цэвэрлэчихээд юу хийхээ мэдэхгүй толгой эргээд сууж байна. Ямар сайндаа энд юм бичээд суух завтай байхав. Даргаас асууж хурлын тов зарлуулчихаад сууж байна. Нэг мөсөн тэндээс л эхлэхгүй бол хаанаас нь эхэлж ажилтайгаа танилцахаа ч мэдэхгүй сууж байна. Бүтэн жилийн хугацаанд үнэхээр ганцхан бичлэг оруулах л зав гаржээ. Тэгэхээр ээж хүний ажил ямар болох нь харагдаж байгаа биз. Гэхдээ амжуулж болно л доо. Миний л боломж таарахгүй байсан юм. Заримдаа нэт байхгүй, цаг зав болохгүй, бичих сэдэл төрөхгүй, хүү надтай зэрэгцээд л компьютер булаацалдаад юун бичих. Одоо бол ажилдаа орсон хүн завсар зайгаараа амжуулаад байж болох байхаа. 
Жил ажил хийгээгүй хүний хувьд одоо бодогдож байгаа зүйл гэвэл нэгт, ажлаа эрч хүчтэй, хариуцлагатай сайн хийх. Хоёрт, хэлээ эрчимтэй сайжруулж шалгалт өгөх хэмжээнд очих. Өмнөх шигээ захлуурч хойш суулгүй ажилдаа амжилт гаргахыг, магтуулахыг, ажлынхаа үр бүтээлийг харж өөрөөрөө бахархахыг хүсч байна. Мөн англи хэлийг сайн сурч, шалгалт өгөөд, тэгэлэг авч, гэр бүлээ дагуулаад Европын оронруу сургуульд явахыг хүсч байна. Эдгээрийг хийх чадвар нь надад байгаа гэж би итгэдэг. Харин сэтгэл, зүтгэл л хамгийн ихээр гаргах хэрэгтэй. Хичээх болно! 

Comments

Popular Posts