Хорвоод баярлах зүйл хангалттай олон..

Мэдээ мэдээллийн сайт, блогууд, сонин хэвлэл.. ер нь хараад байхад юм бүхэн дээр л болох бүтэхгүй зүйлсийн талаар, бүтэлгүй хайрын талаар, хэн нэгнийг муучилсан нийтлэлүүд, нийгмийн хар бараан талыг өгүүлсэн бичлэгүүд олонх нь болж. Хүмүүс хүний мууд дуртай гэдэгчлэн тийм нийтлэлүүд илүү эрэлттэй, илүү уншигчтай ч байж болох юм. Гэлээ гэхдээ гэрэлт хорвоо гэдэг чинь тийм муу муухайгаар дүүрэн биш шүү дээ. Түүний хажуугаар сайн сайхан, гэрэл гэгээтэй, аз жаргал бэлэглэх зүйл дэндүү олон...  

Шинэхэн өглөөний агаар, шингэх нарны туяа, салхины зөөлөн исгэрээ, зулзаган нахианы анхилам үнэр, хөтлөлцөн алхах хосууд, хэн нэгний хөгжилтэй инээд, хүүхдүүдийн баяр хөөртэй шуугиан... Хорвоо сайхан биш гэж үү.

Аав ээж минь эрүүл энх дэргэд минь байж, хэнээр ч заалгахгүй хүссэн бүгдээ хийх чөлөөт нийгэмд амьдарч, цээж дүүрэн амьсгалах агаартай, цэнгэг усаар ханатлаа ундаалах хувьтай төрсөн атлаа яагаад юм бүхэнд гуниж гутарч амьдрах ёстой гэж. 

Бүх зүйлийг өөр өнцгөөс нэг хараад үзээрэй. Нүүр нүдгүй шороо шуурч, аадар бороо асгаран орлоо ч, дараа нь байгаль хэрхэн өнгөө засч урьд урьдынхаас илүү үзэсгэлэнтэй болж байгааг ажиглаарай. Өнгө мөнгөөр хомсхон ч халаасан дахь хэдэн төгрөгөө шавхан байж тасалбар аваад театрлуу хөтлөлцөн алхаж байгаа хосуудын сэтгэлрүү нэг өнгийгөөд үзээрэй.  Баячуул, томчуул, ядуу, зүдүү хэн ч байсан үрийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг жинхэнэ эцэг эхийн сэтгэлийг та ойлгоорой. Хорвоо дээр муу муухай зүйл хийдэг хүмүүс олон атлаа тэд бүгдээрээ гэр бүлийнхээ, үр хүүхдийнхээ, бас өөрийнхөө, хэн нэгний сайн сайхны төлөө тэр зүйлийг хийдэг гэдгийг ухаарч сэтгэлдээ тэднийг уучлаарай. Хорвоод баярлах зүйл хангалттай олон..

Жихүүн өвөл боллоо ч зун дахиад л ирнэ
Жижигхэн гэж голсон мод нахиалж та сүүдэрт нь тухлах цаг ирнэ
Нар жаргалаа ч маргааш гэхэд улам гоёор гэрэлтэх болно
Найздаа гомдсон ч тэр танаас уучлалт гуйгаад эргээд л ирнэ

Гангар шаазангаа алдаж хагалсан бяцхан хүүгээ бүү зэмлээрэй
Гар дээрээ таныг өргөж ачлах баатар эр торниж яваа нь тэр
Алдаа гаргалаа гэж өөртөө битгий гуниж гутраарай
Амжилт өөд гарах нэг шатаа давж байгаа чинь тэр

Гэрэл цацраасан нүдээрээ хорвоо дэлхийг бахдан ажиглаарай
Гэгээн алсын ирээдүйг сэтгэлдээ цав цагаанаар төсөөлөөрэй
Аз жаргалыг хором бүрээс чимх чимхээр цуглуулаарай 
Алгуурлаж түүнийг эргээд ирнэ гэж өөрөөсөө бүү түлхээрэй

Хорвоод баярлах зүйл дэндүү олон
Хором бүрээс түүнийг мэдрэх нь л чухал
Үлгэр хүртэл аз жаргалтай төгсдөгт баярламаар
Үг минь танд хүрч байгаад бас бахадмаар...


Comments

  1. BIIIIIIIIIIIIIIIIIIG LIKE :)
    HOROM BUREES AZ JARGALIIG MEDREH HEREGTEI SHU DEE

    ReplyDelete
  2. Хором бүрээс аз жаргалыг мэдэрч, хорвоог гэгээлгээр сайхнаар нь харья ;)

    ReplyDelete
  3. Үнэхээр гоё бичжээ. Таалагдлаа

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts